ОХУ-ын Сибирийн Салбарын Дэлхийн Царцдасын Хүрээлэнгийн Кайонозойн судалгааны лабораторийн эрхлэгч, геолог эрдэс баялгийн шинжлэх ухааны доктор Кирилл Георгиевич Леви 72 насандаа зуурдаар нас нөгчлөө. Тэрээр эрдэм шинжилгээний 200 орчим бүтээлийн зохиогч, үүний дотор нэгэн сэдэвт зохиол 14, неотектоникийн 8 зураг хэвлүүлжээ. К.Г. Леви нь орчин үеийн геодинамик, неотектоник, нар-дэлхийн судалгааны чиглэлээр Орос-Монголын судлаачдын олон арван хамтарсан судалгааг эхлүүлж, удирдан зохион байгуулснаас гадна манай улсын геофизик, геодинамикийн салбарын боловсон хүчнийг бэлдэх, Орос-Монголын ШУА болон хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. К.Г. Левигийн Монгол улсын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ШУА-ийн Хубилай хаан дурсгалын медаль, Найрамдал медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан.
Талийгаачийн эгэл даруу, хөдөлмөрч, найрсаг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН.