Нарыг тойрон эргэх гариг хоорондын орчин дахь жижиг биетүүд татах хүчинд автагдан нягт агаар мандалд орж ирэхдээ халж, шатан, агшин зуур гэрэл гаран замхрах үзэгдэлийг солир харвах гэнэ (Дээр үед учирыг нь олоогүй байхад “Од харвах” гэж нэрлэж байсан). Харин агаарт шатаж дуусалгүйгээр Дэлхий, гариг, тэдгээрийн дагуулын гадарга дээр унасан биетийг солир гэдэг. Өөрөөр хэлбэл ихэнхи солирын биетүүд үрэлтээс үүссэн дулаанаар халан 80-120 км өндөрт шатаж эхлэх бөгөөд 30-40 км өндөрт ирэх үедээ бүрмөсөн шатаж замхардаг ба томоохон солирын биет л агаар мандлын давхаргыг нэвтлэн газарт унадаг байна. Ингэж гадаргад унасан биетийг солир гэж нэрлэдэг. Дэлхийн гадарга дээр жил бүр 200 граммаас их жинтэй 500 орчим солирын биет унадаг бөгөөд тэдгээрээс зөвхөн 150 орчим нь хуурай газар дээр бусад нь далай, тэнгисийн усанд унадаг байна. Хуурай газар дээр унаснаас зөвхөн 20 орчим нь олддог. 4 тонн, түүнээс дээш жинтэй солирын биет ойролцоогоор 10 жилд нэг удаа унадаг.
Солирыг бүтэц найрлагын хувьд:
- Чулуун солир: Чулуун солирыг дотор нь мөхлөгтэй, мөхлөггүй гэсэн хоёр гол дэд ангид хуваадаг. Мөхлөг гэдэг нь металл, царууц, сульфид зэргээс бүтсэн бөөрөнхий хэлбэртэй жижиг хэмжээтэй хэсгүүд юм. Тэд чөлөөт устөрөгч, Гелий агуулдаггүй бөгөөд харин Литий болон Бор ихтэй байна. Мөхлөггүй солир нь бүтэц найрлагын хувьд маш олон дэд төрөлд хуваагдана. Антрактидын мөсөн давхаргад хуримтлагдсан солирын биет дотроос олдсон мөхлөггүй солир нь бүтэц найрлагын хувьд Сарнаас авчирсан чулуулагын дээжтэй их ойролцоо байдаг байна. Чулуун солир нь нийт солирын 90% орчмыг эзэлдэг.
- Төмөр солир: Төмөр солир нь бараг бүхлээрээ төмөр болон никелээс тогтоно. Никель хэдий хэр агуулж байгаагаас хамааруулан тэдгээрийг хэд хэдэн ангид хуваана. Нийт солирын 6-7%-иас олонгүй байна.
- Холимог солир: Холимог (Төмөр-чулуун) солир нь чөлөөт металл болон минералыйн бодисыг бараг ижил хэмжээгээр агуулсан байдаг. Нийт солирын 1,5%-иас олонгүй нь төмөр-чулуун солир байдаг.
гэж үндсэн гурван хэсэгт хувааж үздэг. Эдгээр ангилалд багтадгүй онцгой найрлагатай солир тийм ч элбэг биш ч гэсэн түүхэнд олдсон байдаг. Жишээ нь: Чехославак (1787 онд), Америк, ОХУ, Зааны Ясан эрэг, Австриал зэрэг орнуудаас шилэн солир олдож байсан. 1969 онд Сарнаас авчирсан дээжинд шилэн солиртой төстэй зүйл байсан тул энэ солир сансрын гаралтай болохыг анх тогтоож байсан.
Мөн солирийн биетүүд нь агаар мандалд шатах үед өөр өөр өнгөөр үзэгддэг. Өөрөөр хэлбэл солирын биет агаар мандалд шатаж байх явцад үүсэж байгаа өнгө нь агаар мандалд орж ирэх хурд болон биетийн хиймийн найрлагаасаа шууд хамааралтай байдаг.
Дэлхийн агаар мандалд ганц нэг солир үзэгдэхээс гадна нэгэн зэрэг олон солир харвах үзэгдэл ч ажиглагддаг. Үүнийг солирын урсгал (Солирын бороо) гэнэ. Энэ нь олон тооны солирын биетүүд дэлхийн агаар мандалд орж ирэн шатсаны улмаас тэнгэрт нэг цэгээс олон тооны гэрэл цацарч байгаа юм шиг харагддаг. Тэр цэгийг солирын урсгалын цацрах цэг гэж нэрлэдэг. Тодорхой хугацаанд, хэдэн цагаас хэдэн өдрийн турш харагдаж болдог үзэгдэл юм. Солирын урсгалын цацрах цэгийг оршиж буй ордны нэрээр нэрлэнэ. Жишээ нь: Үхэр ордны, Арслан ордны солирын урсгал гэх мэт.
2001 оны 11-р сарын 18-19 Арслан ордны солирын урсгал.
Эх сурвалж: https://www.space.com/39469-best-meteor-showers.html
Дэлхийн агаар мандалд шатан замхарч буй бодис, биетийг оролцуулбал нэг хоногт 60 орчим тонн бодис дэлхийн гадаргад унадаг гэж үздэг. Дэлхийн гадарга дээрээс ийм солирын биет 3500 гаруйг олсон бөгөөд дунджаар солирын биетийн 40000-аас нэг нь л Дэлхийн гадаргад унадаг байна. Унах үедээ дэлбэрч янз бүрийн хэмжээтэй тогоо, цар үүсгэнэ. Одоогоор Дэлхий дээр 200м – 100км хүртэл диаметр бүхий 100 гаруй тогоо илрүүлээд байгаа. Монголын нутаг дээр ийм цар тогоо цөөнгүй буй:
- 20 тонн хүнд “Мөнгөн дөш”,
- 2 кг жинтэй “Аж богд II”,
- 8 кг “Манлай” хэмээх нэртэй төмөр солирын биет,
- 172 кг хүнд “Тамир-Цэцэрлэг”,
- 0 кг жинтэй“Ноён уул” зэрэг төмөр-чулуун солир,
- “Ноён богд”, “Аж богд I”, “Матад” зэрэг чулуун солирын биет,
- 2 кг хүнд “Хэрлэн” хэмээх шилэн солир (Тектит) зэрэг 10 гаруй солирын биет тус тус олдож байсан.
Эдгээрээс хамгийн том нь Ховд аймгийн Булган сумын нутагт унасан “Мөнгөн дөш” солир юм. Тэр жингээрээ Өмнөт Африк, Гренланд, Мексикээс олсон Гоба (60 тонн), Кейп-Йорк (32 тонн), Бакубирито ( 27 тонн) солирын дараа орно. Харин “Хэрлэн” хэмээх шилэн солирыг1950 оны III сарын 11-ний 01 цагт Хэрлэн голоос урагш 80 км-т орших “Энгэр шанд” гэдэг газар их чимээ гарган, цэнхэр ногоон дөл үүсгэн унахыг олон хүн үзжээ. Уг солир унахдаа эргэн тойрны хөр цасыг хайлуулан, зургаан ханатай гэрийн буйр орчим газрын өвс ургамлыг шатааж, гүн нүх гарган шигдсэн байжээ.
Сүүлийн мянган жилийн дотор Дэлхий дээр унасан хамгийн том биет бол Сибирьт унасан “Түнгүүсийн солир“ юм. 1908 онд Сибирийн тайгад газрын гадаргаас 7м-н өндөрт агаар мандалд 50-60м-н диаметртэй том биш сүүлт одны цөмийн хэлтэрхий дэлбэрсэн гэж эрдэмтэд үздэг.
Томоохон солирууд
Дэлхий дээр 100 метрээс багагүй диаметр бүхий солирын тогоо 100 орчим байдаг бөгөөд тэдгээрийн ихэнхи нь цаг хугацаанаас хамааран хэлбэр дүрсээ алдаж байдаг. Түүний хил шугамыг зөвхөн сансраас авсан дүрс, зураг дээр л ялгах боломжтой байдаг байна. Хамгийн нэрд гарсан онцлог солирын тогоонуудыг дурьдвал:
Аризон дахь Барингер солирын тогоо. Нас нь 50000 жил, диаметр нь 1.2км, гүн нь 170м.
Эх сурвалж: https://astronomy.com/magazine/ask-astro/2015/04/blast-radius
Австралийн хойд хэсэгт орших Gosses Bluff солирын тогоо. Нас нь 143 сая жил,
Диаметр нь анх 22 км орчим байсан бөгөөд он цагийн эрхээр элэгдсээр одоо 5км-н диаметртэй болсон.
Эх сурвалж: https://www.sciencesource.com/archive/Gosses-Bluff-SS2436647.html#/SearchResult&ITEMID=SS2436647&POPUPPN=1&POPUPIID=2OPEBMNU63D2
Өмнөд Африк, Иоханнесбургт орших Vredefort солирын тогоо. Нас нь 2 тэрбум жил, диаметр нь 300км.
Хамгийн том бөгөөд хамгийн хөгшин солирын тогооны нэг юм.
Эх сурвалж: http://www.astronoo.com/en/articles/craters-impact-on-earth.html