САРНЫ БҮТЭН ХИРТЭЛТ
2022-11-07 07:52:11
2022 оны 11-р сарын 8-нд тохиож байна.Энэ удаагийн хиртэлт дэлхийн бөмбөрцгийн Хойд/Зүүн Европ, Ази, Австрали, Хойд Америк, Өмнөд Америкийн ихэнх хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд туйл, Антарктид орчим ажиглагдана. Энэ удаагийн Сарны Бүтэн Хиртэлт нь Сар, Дэлхийд ойртох хамгийн дөт зай буюу "САРНЫ ДӨХЛӨГ"-өөс 5.8 хоногийн өмнө болж байна. Дараагийн Сарны бүтэн хиртэлт нь 2025 оны 3-р сарын 13-14-нд тохиож байгаа. Улаанбаатар орчмоос бүтэн хиртэлт ажиглагдахгүй. Бүтэн хиртэлт 1 цаг 25 минут үргэлжлэнэ.
Улаанбаатарын цагаар хиртэлт:
16:02:15 эхлэнэ.
18:59:11 оргил үе.
21:56:09 дуусна.
Нийт хиртэлт 5 цаг 54 минут үргэлжлэнэ.
Солир
2020-05-30 14:54:20
Нарыг тойрон эргэх гариг хоорондын орчин дахь жижиг биетүүд татах хүчинд автагдан нягт агаар мандалд орж ирэхдээ халж, шатан, агшин зуур гэрэл гаран замхрах үзэгдэлийг солир харвах гэнэ (Дээр үед учирыг нь олоогүй байхад “Од харвах” гэж нэрлэж байсан). Харин агаарт шатаж дуусалгүйгээр Дэлхий, гариг, тэдгээрийн дагуулын гадарга дээр унасан биетийг солир гэдэг. Өөрөөр хэлбэл ихэнхи солирын биетүүд үрэлтээс үүссэн дулаанаар халан 80-120 км өндөрт шатаж эхлэх бөгөөд 30-40 км өндөрт ирэх үедээ бүрмөсөн шатаж замхардаг ба томоохон солирын биет л агаар мандлын давхаргыг нэвтлэн газарт унадаг байна. Ингэж гадаргад унасан биетийг солир гэж нэрлэдэг. Дэлхийн гадарга дээр жил бүр 200 граммаас их жинтэй 500 орчим солирын биет унадаг бөгөөд тэдгээрээс зөвхөн 150 орчим нь хуурай газар дээр бусад нь далай, тэнгисийн усанд унадаг байна. Хуурай газар дээр унаснаас зөвхөн 20 орчим нь олддог. 4 тонн, түүнээс дээш жинтэй солирын биет ойролцоогоор 10 жилд нэг удаа унадаг.
дэлгэрэнгүй
Сүүлт од
Мөс, чулуулаг, тоосонцор зэргээс бүрдсэн хатуу цөмтөй, нарыг зууван замаар тойрон эргэдэг нэлээд хэврэг тэнгэрийн жижиг биетүүдийг сүүлт од гэж нэрлэдэг. Эрт үед тэднийг харагдах байдлаар нь утаат од, үсэрхэг од гэж ч нэрлэж ирсэн түүхтэй. Наранд ойртох тусам түүний цөм халж гадаргуу нь ууршин, нарны эсрэг тал уруу нарны салхиар туугдан шидэгдэж буй бөөмс нь нарны туяа ойх үед сүүл, утаа мэт үзэгддэг тул ийнхүү нэрлэсэн. Сүүлт од нь зөв биш хэлбэртэй, өөрийн гэсэн сүүлтэйгээрээ онцлог бөгөөд сүүл нь их хэмжээний талсжсан мөс, хий, тоосонцорыг агуулдаг. Сүүлний урт нь 150 сая километр хүртэл хүрдэг. Сүүлт одны үндсэн хэсэг нь хэдхэн километрын диаметртэй түүний цөм юм. Цөмийн диаметр нь 0.5-20 км бөгөөд бүх масс нь бараг хуралдсан байдаг. Сүүлт одны масс нь бага тул гаригуудын хөдөлгөөнд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Харин гаригууд сүүлт одны хөдөлгөөнд нөлөөлөх ба тэднийг задлан бутлах, сүйрүүлэх боломжтой. Хэдий таталтын нөлөөгөөр гаригийг мөргөж сөнөх нь ховор боловч цөөн тохиолдол бий. Жишээлбэл 1994 оны 7-р сард “Шумайхер Левий 9” нэртэй сүүлт од Бархасбадь гаригтай мөргөлдөн сөнөсөн.
дэлгэрэнгүй