Түүхэн замнал
Монгол Улсын Их сургуулийн Тоо-физикийн 4-р дамжааны оюутны ширээнээс газар хөдлөлийн судалгааны анхны үндэсний боловсон хүчнээр бэлтгэгдсэн И.Балжинням, Д.Мөнхөө нар, ЗХУ-ын ШУА-ийн Москвагийн Дэлхийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Н.В.Шебалин, инженер техникийн ажилтан А.П.Виноградов нар биечлэн ирж сургалт явуулан ЗХУ-д үйлдвэрлэсэн аналог бичлэгтэй соронзон цахилгаан системийн сейсмометрээр тоноглосон газар хөдлөлтийг бүртгэх анхны “Улаанбаатар” станцыг 1957 оны 7 сарын 6-нд суурилуулж ажилд оруулсан өнөөгийн Газар хөдлөлийг судлах салбарын суурийг тавсан түүхтэй.
Газар хөдлөлтийг бүртгэх анхны станц байгуулагдаад дөнгөж 5 сар болж байхад 1957 оны 12 сарын 04-нд 12 цаг 39 минутад Говь-Алтайн Гурван богдод 11-12 баллын хүчтэй сүйрэлт газар хөдлөлт болсон. БНМАУ-ын Засгийн газраас Говь-Алтайн хүчтэй газар хөдлөлтийн төвийн бүсэд судалгаа хийх тухай хүсэлтийг ЗХУ-ын ШУА-д тавьсны дагуу Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Н.А.Флоренцов, В.П.Солоненко, А.А.Тресков нараар ахлуулсан А.П.Булмасов, Р.А.Курушин, Н.А. Логачев, С.Д.Хилько, М.А.Солоненко, А.С.Ескин одон оронч С.Нинжбадгар, геологич Ю.Нацаг-Юм, газар зүйч О.Намнандорж, Ч.Дүвжир, физикч И.Балжинням, Д.Мөнхөө, Х.Минсэл, Ш.Цэвэг, Ж.Дүгэрсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг хүчтэй газар хөдлөлтийн эвдрэлийн бүс, хагарлын дагуу 14070 хавтгай дөрвөлжин талбайн агаарын зураг авч, хээрийн хайгуул шинжилгээгээр 7000 хавтгай дөрвөлжин талбайд судалгаа хийж, газар хөдлөлтөөр үүссэн газрын гадаргуугийн бүхий л төрлийн эвдрэлийг газар дээр нь хэмжиж тогтоосон. Энэ судалгаагаар тектоник процессоор үүссэн олон төрлийн эвдрэлийг агшин зуурын хугацаанд газрын гадаргууд илэрхийлсэн байгалийн лаборатори нээгдсэнийг тогтоосон бөгөөд байгалийн энэ сүрлэг үзэгдлийн ул мөр одоо ч дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татсаар байна.
1957 оны Говь-Алтайн хагарлын эвдрэлийн бүсэд ажиллаж буй судалгааны баг.
Говь-Алтайн газар хөдлөлтийн голомтын бүсэд Орос-Монголын эрдэмтдийн хамтарсан макро судалгааг явуулснаар газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны эхлэл тавигдсан юм. 1959 онд тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэн В.П.Солоненкогоор ахлуулсан баг анхны ерөнхий мужлалын зургийг зохиосон байна.
1966 оноос ЗХУ-д төгссөн Т.Дугармаа, Г.Баяр, М.Адьяа, Монгол Улсын Их сургуулийн төгсөгч физикч Б.Цэмбэл нарын үндэсний газар хөдлөлийн мэргэжлийн боловсон хүчинтэй болсон.
Ахмад газар хөдлөл судлаачид М.Адьяа, Г.Баяр, Б.Цэмбэл, Т.Дугармаа нар.
1967-1976 онуудад Могод (1967, М=7.8) (Зураг 41), Үүрэг нуур (1970, М=7.0), Тахийн шар (1974, М=6.9) зэрэг хүчтэй газар хөдлөлт болж, Монголын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн горимыг судлах, хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсийн сейсмогеологийн судалгаа хийх, сейсм долгионы кинематик, динамик хэмжигдэхүүний хамаарлыг тогтоох чиглэлээр нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. 1967 оны Могодын хүчтэй газар хөдлөлтийн давталт хөдлөлтийг Улаанбаатар хотын төрөл бүрийн хөрсөн дээр нүүдлийн станцаар бичлэг хийж боловсруулан, геологи тектоник, геоморфологи, сейсмогеологийн судалгааны ажлын үр дүнтэй нэгтгэн анализ хийж “Сейсмическое районирование Улан-Батора” (Медведев ба бусад., 1971) номонд тусган хэвлүүлснээс гадна “Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлалын бүдүүвч зураг (М1:25000, 1967)”-ийг зохиож, БНМАУ-ын Барилгын норм, дүрэмд тусгасан нь газар хөдлөлийн судалгааны эрдэм шинжилгээний ажлын үр дүн үйлдвэрлэлд нэвтэрсэн анхны томоохон бүтээл ажил болсон юм. Уг судалгааны ажилд ЗХУ-ын ШУА-ийн Москвагийн Дэлхийн Физикийн Хүрээлэнгийн эрдэмтэн С.В.Медведевээр удирдуулсан эрдэмтэд, инженер техникийн багтай хамтран Монгол талаас Л.Нацагням, Д.Мөнхөө, И.Балжинням, Г.Лхасүрэн, М.Адьяа, Б.Цэмбэл нар оролцсон байдаг.
Могодын хагарал (1967 онд зүүн гар талын зураг, 2017 онд баруун талын зураг).
1977-1994 онуудад Газар хөдлөлийн суурь судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх буюу хүчтэй газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг багасгах зорилгоор ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэнтэй хамтран Монголын нутаг дэвсгэрийн хүчтэй газар хөдлөлтийн голомтонд сейсмологи, сейсмогеологи, тектоникийн хээрийн судалгааг хийж газар хөдлөлийн ерөнхий мужлал (ГХЕМ)-ын зураг (М1:2500000, 1983) зохиож зарим томоохон хот суурины төвийн талбайд инженер сейсмологийн иж бүрэн судалгааны өргөн хүрээтэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн өндөр бүтээлийн жилүүд байлаа.
ГХЕМ-ын судалгааны ажлын үр дүнгээр “Землетрясения и основы сейсмического районирования Монголии” (Хилько ба бусад., 1985) нэгэн сэдэвт хамтын бүтээл туурвисан юм. Энэхүү бүтээл өнөөгийн залуу эрдэм шинжилгээний ажилчдын ширээний ном болон хэрэглэгдсээр байна. Уг номыг зохиоход ОХУ-ын талаас С.Д.Хилько, Р.А.Курушин, В.М.Кочетков, Л.А.Мишарина, В.И.Мельникова, Н.А.Гилева, С.В.Ласточкин, монгол талаас И.Балжинням, Д.Мөнхөө нар оролцсон байна. 1989 онд Т.Дугармаа нь “Умард Монголын Хөрсний сейсмик шинж чанар” сэдвээр докторын зэргийн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дэлхийн цардасын хүрээлэнд хамгаалсан нь Монгол оронд энэхүү чиглэлээр хамгаалсан анхны эрдэмтэн болсон байна.
Түүнчлэн тус секторын эрдэм шинжилгээний ажилтан Б. Цэмбэл “Монгол орны хүчтэй газар хөдлөлтийн доргилт, түүнийг тооцоолох нь” сэдвээр Болгар улсын ШУА-ийн Геофизикийн хүрээлэнд (1981), Т.Дугармаа “Умарт монголын хөрсний сейсм шинж чанар” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэнд (1989) тус тус эрдмийн зэрэг хамгаалсан байна.