Монголын нутаг дэвсгэрт хийсэн соронзон хэмжилт
Монгол оронд соронзон орны судалгаа хөгжин дэвжихэд эхлэл болсон орос нөхдийн Монгол нутагт анхны соронзон хэмжилт хийснээс хойш бараг 200 гаруй жил өнгөрчээ. ОХУ (хуучнаар ЗХУ )-ын туслалцаа асар их байсныг хэлэхгүй байж болохгүй.
Газрын соронзон хэмжилт
Монгол оронд соронзон орны анхны хэмжилтийг Г.Фусс 1830,1831 онуудад Санкт-Петербургээс одоогийн Бээжин орохоор Оросын эзэн хааны академийн хөрөнгөөр санхүүжсэн экспедицээр явах замдаа хийсэн байдаг. Хэмжилт хийсэн зам нь Хиагтаас өнөөгийн Улаанбаатар тэр үеийн Өргөөг дайран Бээжин орсон бөгөөд 25 цэгт хэмжилт хийжээ. Ихээхэн завсарласны дараа 1867-1874 онуудад Бээжинд байсан Оросын соронзон оргилын эрхлэгч Г.Фритше Бээжингээс Орос орох замдаа 17 цэгт хэмжилтийг бараг Фуссын явсан зам дагуу хийсэн. 1873 онд манай нутгийн өмнө хэсэгт Н.М.Прежевальский хоёр цэгт соронзон орон хэмжсэн байдаг.1893 онд Э.В. Штеллинг Өргөө-д соронзон орны бүх байгуулагчийг тодорхойлох хэмжилт хийжээ.
Соронзон орны нэлээн дорвитой судалгааг 1913 онд Б.П. Вайнберг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүний явсан зам нь Хиагтаас Өргөө орж тэндээсээ Улиастай, Ховдоор дайран Бийскийн чиглэлд Оросын хил хүртэл явсан байдаг.Ингэж явахдаа 35 цэгт соронзон орны хэвтээ байгуулагч Н ба хазайлтын өнцөг D-г тус тус хэмжжээ. 1914 онд Б.П. Вайнбергийн туслах И.А. Молчанов Хэнтийн нуруунд хоёр газар соронзон хэмжилт хийжээ.
1915 онд АНУ-ын Карнегийн их сургуулийн дэлхийн соронзон орны судалгааны газрын ажилтан Ф.Браун Хятад улсад соронзон хэмжилт хийх далимдаа манай нутагт 21 цэгт соронзон хэмжилт хийсэн бөгөөд түүний зам нь өмнөд хилийн орчмоос зүүн уртрагийн 1040 градусаас эхэлж Таацын гол (зүүн уртрагийн 1010 ба хойт өргөргийн 45.40), Өргөөг дайрч Монгол улсын хилийг зүүн талаар зүүн уртрагийн 1120 –аар гарсан байдаг. Түүний хэмжилтийн 10 орчим цэг нь соронзон орны хувьд огт судлагдаагүй байсан өмнө зүгийн нутгуудаар тохиосон бол үлдсэн цэгүүд нь урьд өмнө нь Б.П. Вайнберг ба бусад хүмүүсийн хийсэн цэгтэй давхацжээ
1915-1942 онуудад Монгол орны нутаг дэвсгэрт соронзон орны ямар нэг хэмжилт хийгдээгүй бөгөөд бараг зуун жилийн туршид 103 цэгт хэмжилт хийж түүний дотор соронзон орны бүх байгуулагчдыг тодорхойлсон цэг 2/3-оос хэтрэхгүй байна.
1940-иод он хүртэл хийгдсэн соронзон хэмжилт нь бүх нутгийг хамарч чадаагүй, эриний хувьслын давтан хэмжилтийн цэгүүд байхгүй нь янз бүрийн үед хийгдсэн хэмжилтүүдийг холбон нэгэн үед оруулах боломжгүй болгож байгаа зэрэг нь Монгол орны нутаг дэвсгэрийн соронзон орны тархалт хийгээд өөрчлөлтийн тухай мэдээлэл гарган авах боломж олгохгүй байв.
Монгол орны нутаг дэвсгэрт соронзон зураглал хийх нь шинжлэх ухааны болоод практикийн чухал ач холбогдолтой байв.Энэ ажил нь тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчин, лабораторийн болон хээрийн хэмжилтийн багаж төхөөрөмж шаардахын зэрэгцээ зураглалын ажлыг хийх, гаргаж авсан материалаа боловсруулах нь ихээхэн хөрөнгө шаардаж байлаа. Ийм төрлийн ажлыг тухайлбал Оросын холбооны улс (хуучнаар ЗХУ) өөрийн нутаг дэвсгэрт хэд хэдэн үеийн туршид хийж гүйцэтгэсэн бол манай улс Орос (зөвлөлтийн)-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэдхэн арван жилийн дотор хийж гүйцэтгэсэн юм.
Монгол орны нутаг дэвсгэрт соронзон зураглалын ажлыг хийх төлөвлөгөөг өөрийн оронд хийж байсан зураглалын ажилтай уялдуулан 1930-аад оны сүүлчээр хийхээр Оросын Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн соронзон орны эрдэм шинжилгээний хүрээлэн төлөвлөсөн байдаг. Ингэхдээ манай нутаг дэвсгэрт нийтдээ 18 экспедиц ажиллуулж 2250 цэгт соронзон орны үнэмлэхүй утгын хэмжилт, 10750 цэгт соронзон орны босоо байгуулагч (Z)-ийн хэмжилт хийж эриний хувьслын давтан хэмжилтийн 12 байнгын цэг байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд нийт замын урт нь 22500 км-д хүрч өртөг нь 1961 оны үеийн ханшаар 1 239 197 рубль болж байжээ. Гэвч 1941 онд эхэлсэн Дэлхийн 2-р дайн энэ төлөвлөгөөг бүрэн биелэхэд саад болсон боловч дайны тэр хүнд хэцүү цагт 1942 онд анхны экспедиц зохион байгуулагдсан юм. Тухайн үедээ Монгол орны соронзон орны хазайлтын өнцгийн зураг гарган авах болон бусад байгуулагчид хэрхэн яаж тархсан нь стратегийн чухал ач холбогдолтой байсан билээ.
Монгол нутаг дээр соронзон зураглалын ажил 1942-1944 онуудад гурван экспедицээр хийгдсэн бөгөөд 1942-1944 онуудад хийгдсэн анхны ба хоёрдох экспедицийг К.В.Мартынова удирдаж ахлах техникээр нь М.С. Вайс ажилласан бол 1943-1944 онуудад хийсэн гуравдагч экспедицийг Б.С.Рубинсон удирдаж ахлах техникээр нь А.Г.Клыкова ажилласан байдаг. Нийт 8500 км зам туулж соронзон орны H,D,Z, байгуулагчдын үнэмлэхүй утгын хэмжилтийг 264 цэгт, босоо байгуулагч Z-ийн харьцангуй утгыг 1785 цэгт хийхийн зэрэгцээ эриний хувьслын байнгын хэмжилтийн 8 цэгийг байгуулсан юм. Ингэхдээ гурван байгуулагчийн үнэмлэхүй утгын хэмжилтийг зам дагуу 25-35 км-д, Z байгуулагчийн харьцангуй утгыг 3-5 км тутамд хийж гүйцэтгэсэн байдаг. Ихэнх хэмжилт манай орны зүүн хэсэгт хийгдсэн болохыг доорх зургаас үзэж болно. Энэ нь тэр үед хийгдсэн соронзон зураглалын асуудал тухайн үеийнхээ улс төрийн төлөв байдалтай ихээхэн уялдаатай байсныг харуулж байгаа юм.
Зураг 1: Монгол оронд 1942-1972 онуудад хийгдсэн маршрутын соронзон хэмжилтийн цэгүүдийн байрлал ба зүүн талд хийгдсэн аэросоронзон хэмжилтийн талбайн дүрс
Улс оронд иргэний нисэх буй болж геологийн зураглал эрчимтэй хийгдэх болсон нь тус улсын нутаг дэвсгэрт геофизикийн түүний дотор соронзон орны судалгаа явуулах зайлшгүй шаардлагатай болохыг харуулав. Ийм учраас Оросын засгийн газраас хэрэгжүүлж байсан соронзон зураглалын ажилд монголчуудыг оролцуулах улмаар ийм чиглэлийн судалгааг цаашид өөрийн оронд зохион байгуулах чадвартай боловсон хүчинтэй болох асуудлыг тавьж амжилттай шийдвэрлүүлсэн юм. Ингэснээр монголчууд 1960-иад оны үеэс Оросын ШУА-ийн Дэлхийн соронзон орон,радиодолгион тархалтын хүрээлэн (ИЗМИРАН)-гээс тоног төхөөрөмжийн туслалцаа, ажил төрлийн зөвлөгөө аван өөрсдийн хүчээр бие даасан экспедиц зохион байгуулах чадвартай болсон юм.
1961 оны 4-р сард Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хорооны санаачилгаар Монгол улсын засгийн газар Монгол орны нутаг дэвсгэрийн соронзон зураг хийх тухай тогтоол гаргаж үүнийг биелүүлэх зорилгоор 1962 оноос эхлэн Г.Аюушжавын удирдлага дор ШУА—ийн Физик-Химийн хүрээлэнгийн соронзон судлалын секторын хамт олон (өнөөгийн Одон орон, геофизикийн судалгааны төв) 1969 оныг дуустал хэд хэдэн экспедиц эрчимтэй зохион байгуулсан. Ихэнх экспедицүүд урд өмнө хэмжилт бага байсан өмнө ба баруун талаар хийгдсэн. Нийтдээ 14 мянга гаруй км зам туулж 454 цэгт соронзон орны хэвтээ байгуулагч-Н, 399 цэгт соронзон хазайлтын өнцөг-D, 2766 цэгт соронзон орны босоо байгуулагч-Z тус тус хэмжсэн байна.
1972, 1973,1976,1977 онуудад урд жилүүдэд хийгдэж байсан шиг эрчимтэй биш ч гэсэн бүх нутгийн өмнөөс хойш, хойноос урагш чиглэсэн экспедицүүд хийгдэж ингэснээр өмнө төлөвлөсөн нэгэн багц ажил дуусаж хамгийн гол нь Монгол орны нутаг дэвсгэрийн соронзон орны тархалтын ерөнхий төлөв байдлыг гаргах хэмжээний мэдээлэл цугласан юм.
Зураг 2 Монгол орны нутаг дэвсгэрт үнэмлэхүй утгын хэмжилтийг хийж гүйцэтгэсэн цэгүүдийг үзүүлэв. Эдгээр цэгүүд дээр соронзон орны Н,Z,D байгуулагчийг хэмжсэн бөгөөд эх цэгүүдийн хоорондох зай ойролцоогоор 25 км. Нийт цэгийн тоо 889. Эдгээр цэгүүдийн хооронд 5 км бүрд соронзон орны босоо байгуулагч Z-ийг хэмжиж байсан. Эдгээр 5365 цэгийн байрлалыг Зураг 4 дээр үзүүлэв. Энэхүү мэдээлэл нь геологи хайгуулын чиглэлийн ажил хийхэд хангалттай суурь болох учраас цаашид өргөтгөх шаардлагагүй гэж үзэж тодорхой газар нутгийн болон геологийн тогтоцтой холбоотой судалгаа хийхэд урьд өмнө хийж байсан маршрутын хэмжилт хийх технологиос арай өөр арга зүй нэвтэрч бусад геофизик орны хэмжилттэй хослуулсан профилийн дагуух хэмжилт хийдэг болов. Нутаг орон (регионал) ба газар нутгийн (локал) онцлогтой болон геологийн тогтоцтой холбоотой соронзон хэмжилтүүдийг ихээр хийх болов.
Зураг 2 Монголын оронд хийсэн 889 үнэмлэхүй утгын хэмжилтийн цэгүүд
Янз бүрийн үед хийгдсэн соронзон орны хэмжилтийг нэгэн үед оруулах, цаг хугацааны өөрчлөлтийг нь судлахын тулд давтан хэмжилтийн байнгын цэгүүдийг байгуулдаг. 1950 он хүртэл ийм цэг байгаагүй бөгөөд үүнээс өмнө соронзон орны ийм давтсан хэмжилтийг зөвхөн Өргөө-д (өнөөгийн Улаанбаатар хот) л хийсэн байсан. 1831
Эриний хувьслыг тодорхойлох зорилгоор 1942-1944 онуудад байнгын 8 цэг байгуулсан бөгөөд 1942 онд Улаанбаатар, Чойбалсан, Мөрөнд, 1943 онд Улиастай, Ховд, Арвайхээр, Сайншанд-д 1944 онд Даланзадгадад тус тус буй болгожээ. 1950, 1955 онуудад ИЗМИРАН-аас зохион байгуулж давтан хэмжилт хийсэн бол 1960 оноос хойш өөрсдийн хүчээр хийх болсон. Аажмаар цэгийн тоог нэмэгдүүлж өнөөгийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт харьцангуй жигд тархсан 36 цэгтэй болсон. Хүн хүч, багаж төхөөрөмжийн хүрэлцээ, санхүүгийн байдлаас хамааран хоёр жилд хуваан нийт нутгийг хамарсан бүх цэгийн давтан хэмжилтийг хийж гүйцэтгэж байна. Сүүлчийн ийм хэмжилтийг 2014, 2015 онуудад хийж гүйцэтгэв.
Зураг 3: Давтан хэмжилтийн 36 цэг