Газар хөдлөлтийн ерөнхий ойлголт
Дэлхийн царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Үүнийг энгийн үгээр хэлбэл таны алхаж буй газар нь дэлхийн гадаргууд үүссэн хүчдэлийн нөлөөгөөр долгисон хөдлөх үзэгдэлийг хэлнэ.
Энэхүү хүчдэлийг үүссгэгч хүч нь янз бүр байдаг хэдий ч дэлхийн өөрийнх нь үүсгэж буй тектоник хөдөлгөөний улмаас үүсэх газар хөдлөлтийг бусадтай нь зүйрлүүлэх аргагүй билээ. Иймээс ч судлаачид нь газар хөдлөлт гэдэг ойлголтыг доорхи байдлаар томъёолдог.
Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.
Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг.
Газар яагаад хөдөлдөг вэ?
Сүүлийн үед судалгаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдлөгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэсэнээр манай дэлхий долгисон хөдлөгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэсэнээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг ажгуу.
Дэлхийн дотоод бүтэц
Манай цэнхэр гараг нь 4,5 тэрбум орчим жилийн тэртээ үүссэн гэж эрдэмтэд үздэг. Дэлхий хоёр туйлаасаа ялимгүй шахагдсан бөмбөлөг хэлбэртэй бөгөөд царцдас мандал, цаваг мандал ба цөм гэсэн үндсэн 3 үе давхаргаас тогтоно. Дэлхийн нягт ба дотоод дулаан нь дэлхийн төв рүү гээ ихэсдэг.
Цаваг мандал – Дэлхийн царцдас мандалын доор төмөр, магни болон кальциар баялаг, хагас хайлмаг төлөвтэй давхарга орших бөгөөд үүнийг цаваг мандал гэж нэрлэдэг. Тус давхарга нь дэлхийн төв рүү 2900 км хүртэл үргэлжилдэг бөгөөд дээд, доод гэсэн хоёр давхаргаас тогтоно. Цаваг мандал нь дэлхийн эзлэхүүний 84%, массын 64%-ийг эзлэх буюу нягт нь 6.0 г/см.куб, дотоод дулаан нь 2000 оС хүрдэг.
Царцдас мандал – Дэлхийн гадна давхаргыг царцдас мандал гэдэг бөгөөд манти болон цөмтэй харьцуулахад маш хатуу, нимгэн давхарга юм. Энэ давхарга нь дэлхийн эзэлхүүний 1%-ийг эзэлдэг бөгөөд далайн доор ойролцоогоор 5 - 10 км, эх газарт дунджаар 35 - 100 км зузаантай байдаг. Уг давхаргын нягт нь дунджаар 2.7 г/см.куб, дотоод дулаан нь 500 оС хүрдэг байна.
Цөм – Дэлхийн төвд 3500 км-ийн радиустай, төмөрлөг ихтэй бодисоос бүрдсэн нягт хэсэг орших бөгөөд үүнийг цөм гэж нэрлэнэ. Цөмийн нягт 12.5 г/см.куб, дотоод дулаан нь 3000 оС хүрдэг бөгөөд гадаад дотоод гэсэн хоёр хэсгээс тогтдог
Дэлхийн гадаргуу нь үүссэн цагаасаа хойш гадна, дотны хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга хувирч өөрчлөгдсөөр иржээ. Эдгээр хувьсал нь янз бүрийн шалтгаантай ба нэг хэсэг нь эвдрэн мөхөж байхад нөгөө хэсэг нь шинээр сэргээгдэн буй болдог. Өөрөөр хэлбэл дэлхий царцдас мандал нь мөнхийн хөдөлгөөнд оршдог.