Соронзон судлалын сектор нь Дэлхийн соронзон орон ба геомандлын физик сэдвийн хүрээнд судалгаа хийж байна. Бид сэдвийн хүрээнд тогтмол соронзон орон, хувьсах соронзон орон, цэнэгт мандал ба соронзон мандлын физик, дэлхийн гүний цахилгаан соронзон тандалт гэсэн үндсэн чиглэлүүдээр судалгаа хийж байна. Дэлхийн соронзон орны мэдээлэл гарган авахын тулд дөрвөн соронзон оргил болон гурван соронзон станц байгуулан, мэдээллийг бүртгэн авч, боловсруулалт хийх ба ОХУ-д үйлдвэрлэсэн 1/1000 нТл нарийвчлалтай ММПОС-1 магнитометр ашиглан талбайн хэмжилт хийдэг.
Соронзон оргил байгуулах ба Ховд соронзон оргил
Соронзон орны хэмжилт нь бусад техникийн болон судалгааны зориулалттай хийгддэг хэмжилтээс ялгаатай нь хэмжилт хийж байгаа байр, соронзон оргилын талбай өөрөө хэмжилтийн багаж төхөөрөмжийн бараг нэг хэсэг нь болдгоороо онцлог байдаг. Соронзон оргил байгуулах газар сонгохдоо тухайн районы соронзон байр байдлыг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Соронзон оргилыг том үйлдвэрийн газар, цахилгаанжсан төмөр зам, орон сууцны ойролцоо байгуулж болохгүй. Эдгээрт ойрхон байх нь соронзон оргилын багаж төхөөрөмж байгалийн соронзон орны өөрчлөлтийн зэрэгцээ эдгээр барилга байшин замын нөлөөгөөр үүссэн зохиомол соронзон орны үйлчлэлийг хамт бүртгэхэд хүрнэ. Соронзон оргилын багаж байрлах ба хэмжилтийн байранд соронз бүхий барилгын материал (шатаасан улаан тоосго, төмөр бетонон хийцүүд) ашиглаж болохгүй ба хэмжилт хийх ба багаж байрлуулах тавцанг соронз бүхий материалаар хийхийг хориглодог. Ийм учраас тохиромж муутай газар, байр барих заавар зөрчигдвөл ямар ч өндөр нарийвчлалтай магнитометрээр хэмжилт хийгээд ашиггүй болно. Юуны өмнө соронзон оргил олон жилийн туршид ажиллахаар төлөвлөгдөх ёстой. Үүний тулд газар сонгохдоо аль болохоор мөддөө суурьшлын бүс болохгүй, төмөр замаас хол, үйлдвэрийн бүс болохгүй тийм газрыг сонгохыг тэмүүлэх хэрэгтэй. Ялангуяа соронзон хэмжилтэд цахилгаанжсан төмөр зам, трамвайн шугам ихээхэн муу нөлөө үзүүлдэг учраас хөрснийхөө цахилгаан дамжууллаас хамааран 10 км-ээс доошгүй зайнд байх шаардлагатай байдаг.
Ховд соронзон оргил анх байгуулагдахдаа соронзон орны өөрчлөлтийг аналог хэлбэрээр бичдэг байсан бөгөөд газар хөдлөлтийг бүртгэх станцын дэргэд шавар блокоор барьсан жижиг байшинд байрлаж модон багана дээр соронзон мэдрэгч нь бай рладаг, абсолют хэмжилтийг мөн модон багана дээр хийдэг байсан.
Зураг 1: Ховд соронзон оргилын эхний хувилбар
дэлгэрэнгүй