Улаанбаатарын Их Сургуулийн Геофизикийн тэнхим
Зорилт
Манай улсад Одон Орон, Геофизикийн шинжлэх ухааны үндэс 1957 онд тавигдаж өнөөг хүртэл олон улсад нэр хүндтэй олон арван эрдэмтэн багш, судлаачид, геофизикчид төрөн гарсан юм. Өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, мэдлэг боловсролтой геофизикийн чиглэлийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх асуудал нэн чухал шаардлагатай байна. 2009 оны хичээлийн шинэ жилээс эхлэн Шинжлэх Ухаан Академийн, Хубилай хааны нэрэмжит Одон орон Геофизикийн хүрээлэн нь Улаанбаатар Их Сургуулийн Технологийн факультетэд байгаль шинжлэлийн багш, геофизикч мэргэжилтнийг бэлтгэх ангийг шинээр нээж элсэлт авч эхэллээ.
Мэргэжлийн танилцуулга
Монгол орны геологи, геофизикийн судалгаа болон ашигт малтмалын орд газрын эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхэд геофизикч мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бэлтгэгдэн гарсан төгсөгчид нь төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, геологийн үйлдвэрлэл, дотоодын ба гадаадын хувийн компаниудад мэргэжлийн чиглэлээр амжилттай ажиллах боломжтой. Сургалтын чанарыг олон улсын их дээд сургуулиудын ижил мэргэжлийн сургалтын түвшинд хүрэх зорилго тавин сургалтын хөтөлбөрт орчин үеийн дэвшилтэт судалгааны арга аргачлалуудыг оруулан боловсруулсан юм. Төгсөгчид цаашид коллеж, их дээд сургуульд нарийн мэргэжлийн багш, ерөнхий боловсролын сургуулиудад байгаль шинжлэлийн багшаар ажиллах мэдлэг боловсролтой, компьюерийн болон гадаад хэлний мэдлэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдэнэ.
Багшлах бүрэлдэхүүн
Энэ салбарын ихэнх багш нар АНУ, Франц, Герман, Япон, ОХУ, Хятад зэрэг орнуудад боловсрол эзэмшиж мэргэжил дээшлүүлсэн, ажлын дадлага туршлагатай эрдэмтэн судлаачдаас бүрдэж байна.
• Академич 10%
• Доктор (Sc.D) 15%
• Доктор (Ph.D) 41%
• Магистр 34%
Эрдэм шинжилгээ
Сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор оюутны дадлага, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ООГХ-ийг түшиглэн гадаадын болон дотоодын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэнэ. Олон улсын болон гадаадын судалгаа шинжилгээний төслүүдэд оюутан залуучууд оролцон ажиллах өргөн боломжтой. Тус сургууль дээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хослуулсан улсын болон сургуулийн 10 гаруй эрдэм шинжилгээний төсөл, ООГХ дээр 4 төсөл хэрэгжиж байна. Эрдэм шинжилгээний эдгээр төслүүдэд оролцсоноор оюутан нь танхимд үзсэн онолын мэдлэгээ баталгаажуулах, үйлдвэр практикийн дадлага туршлага олж авах болно. Тэргүүний оюутан сурагчид эрдэмтэн багш, судлаачидтай хамтран нарийн мэргэжлийн судалгаа шинжилгээний ажлыг дотоодын эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцон илтгэл тавих, шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэг, мэдээллүүдийг цаг алдалгүй авч байх болно.
Манай сургуульд суралцахын давуу тал
• Судалгаа шинжилгээний ажил хийж байгаа өндөр мэргэжлийн эрдэмтэн, багш нараар хичээл заалгах
• Сургалтын зориулалтаар бүрэн тоноглогдсон анги, тэнхимтай
• Мэргэжлийн дадлага хийх Одон орон судлах оргил, газар хөдлөлтийг бүртгэх станцууд, лаборатори, материаллаг баазтай
• 6 улирал дараалан A үнэлгээтэй сурвал сүүлийн 1 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх
• Та төрийн сангийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах
• Дэлхийд нэр хүндтэй гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран хээрийн судалгаа шинжилгээний экспедицэд ажиллах
• Электрон номын сан зэрэг сүүлийн үеийн хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах
Оюутны бүтээлч ажил
Оюутнууд мэргэжлийнхээ дагуу доорх уралдаан тэмцээн, бүтээлч ажилд оролцох мэдлэг чадвараа батжуулж, өөрийгөө нээж, хамт олон,нийгэмд эзлэх байр сууриа өргөжүүлэх боломжтой. Үүнд:
• Оюутны эрдэм шинжилгээний хурал
• Урлагын наадам
• Спортын тэмцээн
• Центавр
Төгсөгчдийн ажлын байрны талаарх мэдээлэл
• 2013 онд нийт 17 оюутан төгссөнөөс 3 оюутан ООГХ хүрээлэнд, 4 оюутан ООГХ-н орон нутгын салбаруудад, 1 оюутан байгаль орчны үнэлгээний компанид тус тус ажиллаж байна.
• 2014 онд нийт 24 оюутан төгссөнөөс 6 оюутан ООГХ хүрээлэнд, 3 оюутан ООГХ-н орон нутгын салбаруудад, 4 оюутан геофизикийн хувийн компанид ажиллаж байна.