Судалгааны чиглэл
Сүүлийн жилүүдэд олон улсын шинжлэх ухааны байгууллагууд геостационар тойрог зам дахь техникийн гаралтай биетүүдийг астрономийн аргаар дуран авайн тусламжтай ажиглах, бүртгэх, индексжүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Хүн төрөлхтөний сансрын үйл ажиллагаатай холбогдож гарсан хог хаягдлууд тойрог замд ихсэхийн хэрээр идэвхтэй ажиллаж байгаа сансрын аппарат,
Хиймэл дагуулуудыг мөргөн гэмтээх, ажиллагаагүй болгох нөхцөл байдал хэдий бага магадлалтай ч үүссэн учраас сансар дахь дахь аюулгүй ажиллагааны хэм хэмжээг тогтоох, сансрын хог хаягдлыг шинжлэн судлах шаардлага зүй ёсоор тавигдах болсон. Том орнууд сансрын хог хаягдлыг уртрагийн дагуу тархан байрласан олон ажиглалтын цэгүүдээс ажиглан мэдээг нэгтгэж өндөр нарийвчлалтай үр дүнг гарган авах замаар судалж байна. Монгол улс ч өөрийн газар зүйн байрлалын хувьд ийм сүлжээнд нэгдэн орж ажиглалтын цэгийг байгуулан сансрын хог хаягдлыг ажиглах ажилд оролцож байна.
ООГХ-ийн Астрометрийн судалгаа сэдэвт ажлын хүрээнд 2013 оноос Астрономи, астрофизикийн суурь судалгааны чиглэлээр Монгол улсад анх удаа сансрын хог хаягдал, бага гараг, сүүлт од, сансрын гамма тэсрэлтийн тогтмол ажиглалтууд хийгдэж эхэлсэн. Энэ зорилгоор Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хүрэлтогоот дахь одон орон судлах оргилд ORI-40, VT-78е дурангуудыг суурилуулан байнгын ажиллагаанд оруулсан. Одон орны тогтмол ажиглалт явуулснаар ОХУ-ын “Астрометрийн ба фотометрийн ажиглалтын оптик дурангуудын сүлжээ” олон улсын эрдэм шинжилгээний нээлттэй төсөлд хамрагдан ажиллах боломжтой болсон.
Астрометрийн судалгаа сэдэвт ажлын хүрээнд:
- Бага гарагийн фотометрийн ажиглалт, боловсруулалт
- Бага гарагийн эргэлтийн параметр ба хэлбэрийг тодорхойлох тоон загварын аргыг эзэмших, боловсронгуй болгох
- Сансрын хог хаягдлын самналт ажиглалт, боловсруулалт
- Сансрын гамма гялбаат тэсрэлтийн оптик ажиглалт, боловсруулалт
- Солирын тогоо, цагираг бүтцийн гарал үүслийн судалгаа
- Одон орны онцлог үзэгдлүүдийн ажиглалт
Чиглэлээр судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна.