Наран дээрх гялбаан тэсрэлт
2022-05-12 06:58:08
2022 оны 5-р сарын 10-нд Наран дээр Улаанбаатарын цагаар 21 цаг 55 минутанд Х1.5 баллын хүчтэй тэсрэлт болсон. Тэсрэлтийн үргэлжлэсэн хугацаа нь 9 минут. Тэсрэлтийн хүчийг рентген цацрагийн хэмжээгээр нь сул(C), дунд(M), хүчтэй(X) гэж ангилдаг. Нарны агаар мандалд болох энэхүү гэнэтийн хүчит байнгын бус үзэгдлийг Наран дээрх гялбаан тэсрэлт гэнэ. Энэ нь Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй илрэл бөгөөд тэсрэлтийн энерги нь 1032 эрг хүрнэ. Өөрөөр хэлбэл Дэлхий дээрх бүх нефть, нүүрсийг шатаахад гарах дулаанаас ойролцоогоор 100 дахин их юм. Харин дунд зэргийн тэсрэлтээс ялгарах энерги нь хүн төрөлхтөний хэдэн сая жил хэрэглэх энергийг хангана гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн 4-р сарын 17,20,30 -нд Х1.1 ба Х2.2 балын хүчтэй тэсрэлтүүд хэд хэд болж байсан.
.png?w=1200)

Наран дээрх хүчтэй гялбаан тэсрэлт болсон 13006 мужийн зураг.
Эх сурвалж: https://solarmonitor.org/
Нарны агаар мандал нь хэд хэдэн үе давхаргатай. Бидний нүдэнд харагдаж байдаг давхаргыг гэрэлт мандал гэх бөгөөд түүн дээр толбо, бижирмэг, бамбар зэрэг үзэгдлүүд үүсэж, мөхөж байдаг. Энэ давхаргын дээр өнгөт мандал, титэм орших бөгөөд тэсрэлт, дөл, титмийн масс шидэгдэл, гэрэлт сор, титмийн нүх зэрэг хамгийн идэвхтэй үзэгдлүүд ажиглагдана. Нарны тэсрэлтээс шидэгдэх масс, титмийн нүхнээс гарах нарны салхи зэрэг эгэл бөөмсийн урсгал нь сансрын цаг агаарыг тодорхойлж байдаг. Нарны тэсрэлт, титмийн масс шидэгдэлтээс үүссэн хүчтэй соронзон шуурганы улмаас хамгийн сүүлд 1989 оны 3-р сарын 13-нд Канадын Квебек мужийн цахилгаан хангамжийн системийг гэмтээснээс эрчим хүч тасалдаж бүрэн зогсолт хийсэн байна. Мөн Японы холбооны хиймэл дагуулын удирдлагын систем нь хэсэгчилэн гэмтсэн бас Америкийн сансрын хиймэл дагуул тойрог замаасаа 5 км-ээр хазайсан зэрэг сөрөг үр дагаварууд гарч байсан юм.
Нарны идэвхтэй үзэгдлүүдийн судалгааны явцад хамгийн хүчтэй тэсрэлт нь 2003 оны 11-р сарын 4-нд болсон. Энэ тэсрэлтийн хүчийг шууд хэмжих боломжгүй байсан бөгөөд тойрог замын дурангуудын мэдрэгчүүд эрчмийг нь тэсвэрлэж чадахгүй бүтэн 11 минутын турш хяналтаас гарсан. Хожим нь шууд бус өгөгдлөөр түүнийг Х28 баллын тэсрэлт гэж ангилсан боловч олон эрдэмтэд Х40 ангилалын тэсрэлт аль эсвэл үүнээс ч илүү хүчтэй байж болох тухай мэдэгдсэн байдаг. Хэрвээ энэхүү тэсрэлт Дэлхий рүү чиглэсэн байсан бол асар их хор нөлөө учруулах нь маргаангүй.
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 41 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2022-03-22 05:27:35
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л байгаль дэлхий хүрээлэн буй орчноо танин мэдэх оролдлогыг тасралтгүй хийсээр ирсэн. Үүний нэг хэсэг нь агаар сансрын орон зай, одод, гараг эрхсийн зүй тогтол, мөн чанарыг танин мэдэх явдал байсаар ирснийг түүхэн олон эх сурвалжид дурдсан байдаг. Монголчуудын дунд ч мөн одот тэнгэрийн тухай олон үлгэр домог, Хубилай хааны одон орны төвөөс эхлээд бодит бүтээн байгуулалтууд олон байсан билээ.
Өнөөдөр бол эдгээр түүхийн нэгээхэн хэсэг болсон Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, сансар судлалын түүхэнд тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 41 жилийн ой тохиож байна. Энэ нь Монгол Улсын сансар судлалын маш том алхам төдийгүй, манай орны шинжлэх ухааны салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг илтгэн харуулсан чухал үйл явдал байсан юм. Тухайлбал Монгол Улс сансрын уудамд өөрсдийн бүтээсэн техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон төдийгүй сансрын тойрог замд олон арван туршилт, судалгааны ажлуудыг зохион байгуулсан байдаг.
Сансарын технологийн хөгжил хүн төрөлхтний өдөр тутмын аж амьдралтай улам нягт холбогдох болсон энэ цаг үед манай улс ч энэ салбарыг хөгжүүлэх талаар тодорхой алхмуудыг хэрэгжүүлэн түүхэн ойгоо угтаж байна.
Тодруулбал Монгол улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хүүхэд залууст одон орон, сансар судлалыг сурталчлах танин мэдүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж буй Астропарк салбарыг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Сансар судлалын төв болгон өргөжүүлж Монгол улс Сансар судлалыг хөгжүүлэх албан ёсны байгууллагатай болоод байна. Энэ байгууллагын шинжлэх ухааны төдийгүй, улс эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдол асар өндөр юм.
Сансар судлалын төв нь Монгол улсад сансар судлалын салбарыг үе шаттай тогтвортой хөгжүүлэх, түүний дотор сансрын технологийн судалгаа шинжилгээг тогтмол хийх, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий лаборатори, судалгааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, энэ салбарын технологийг хөгжүүлэх, газрын станц байгуулан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээг цаг тухайд нь хүлээн авч ашиглах, салбарын хүний нөөцийг чадваржуулах, тогтвор суурьшилтай мэргэжлийн дагуу ажиллуулах, сансар судлалын чиглэлээрх их дээд сургууль, эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, нэгдсэн менежмент мэдээ, мэдээллээр хангах үндсэн үүрэг зорилготой бөгөөд дараах үндсэн 2 лабораториос бүрдэж байгаа юм.
Уг хоёр лабораторийн нэг Сансар судлал лаборатори нь ШУА-ийн хүрээлэнгүүд болон их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас хүний нөөцөө бүрдүүлэн салбар дундын болон салбарын судалгааг хөгжүүлэх замаар сансрын технологийн хөгжүүлэлт, зайнаас тандан судлалын хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, сансрын хууль эрх зүй гэсэн үндсэн гурван судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ойрын ирээдүйд эх орныхоо хэрэгцээ шаардлагад нийцсэн жижиг оврын хиймэл дагуулыг бүтээх, түүнийг сансарт хөөргүүлэх өндөр технологийг бие дааж гүйцэтгэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд кубсат ангиллын шинжлэх ухааны зориулалттай “Тэмүүлэл” төслийг МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач, эрдэмтэд гардан хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2017 оны 7-р сарын 7-ны өдөр АНУ-ын Олон улсын сансрын станцаас сансрын тойрог замд орж 1 жил 10 сар тасралтгүй сансарт ажилласан Монголын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай” болон уг төслийг хэрэгжилтийн үр дүнтэй шууд холбоотой юм. Мазаалай хиймэл дагуул нь 2019 оны 5-р сард үүргээ гүйцэтгэж дууссан бөгөөд түүний үргэлжлэл “Тэмүүлэл” хиймэл дагуулыг 2022 онд багтаан хөгжүүлж дуусгахаар ажиллаж байна.
Харин Астропарк лаборатори буюу Сансар од эрхсийн ордон нь шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг гол зорилго болгон Монголын мянга мянган хүүхэд, залууст сансар огторгуйн гайхамшиг, түүнийг тойрсон техник, технологийн хөгжил дэвшлийг танин мэдүүлж, шинжлэх ухааны судалгааны ажлуудыг хэрэгжүүлж Монголын сансар судлалын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах өргөн боломж, үүд хаалгыг залуу үеийнхэнд нээж өгч байгаа юм.
Монгол хүн сансарт ниссэн түүхт нислэгээс хойш 41 жилийн хугацаанд байгаль орчныг зайнаас тандан судлах, түүний үр дүнг геологи, цаг уур, геодези, газар зүй зэрэг шинжлэх ухааны салбаруудтай нягт холбох, сансрын анагаах ухаан биологийн салбарт судалгаа шинжилгээ явуулах, сансрын холбоо, физик, технологийн ололтыг нэвтрүүлэх үйл ажиллагаа үр дүнтэй өрнөж, Монголын сансар судлалын салбар алхам алхмаар хөгжин цаашдаа олон туршилт судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр урам зоригтой ажиллаж байна.



Залуу судлаачдын анхааралд
"ХҮРЭЛ ТОГООТ-2019" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 9-р сарын 1-нд бүртгүүлэх ёстой юм байна, иймд хүрээлэнгийн залуучуудын семинарыг 2019-08-20 өдөр хийхээр болсон тул 35 наснаас доош эрдэм шинжилгээний ажилчид идэвхитэй оролцоно уу! ДАРААХ 2 ХУРЛЫН ЗАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
1. “ХҮРЭЛ ТОГООТ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ-той хамтран байгалийн ухааны салбарын залуу судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний хурал 2019 оны 10-р сард ООГХ-ийн харъяа одон орон судлах “Оргил төв”-д болох тул та бүхэн идэвхитэй оролцож бүтээлээ доор дурьдсан хугацаанд багтаан илгээнэ үү.
Уг хуралд илтгэл тавин оролцсон залуу судлаачдыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан 35 хүртэлх насны, докторын зэрэг хамгаалаагүй хоёр залуу судлаачийг БСШУС-ын сайдын залуу судлаачид олгодог 4 сая төгрөгний ГРАНТ-д Байгалийн Ухааны Салбараас дэвшүүлнэ.
Энэхүү бага хуралд оролцох бүтээл буюу эрдэм шинжилгээний өгүүллийг бүрэн эхээр нь 2019 оны 9-р сарын 1-нийг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг дараах тусгай форматын дагуу бэлтгэж зохион байгуулах комисст khureltogoot.nature@gmail.com хаягаар илгээнэ үү.
Форматын дагуу бэлтгэж ирүүлээгүй өгүүллийг шалгаруулалтанд оролцуулахгүй болно.
Уг хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөн дээрхи хаягаар хандаж авна уу. УДИРДАМЖ ТАТАЖ АВАХ
2. Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран "Хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадвар (resilience)-ыг бэхжүүлэх арга зам" сэдэвт олон улсын хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. УДИРДАМЖ ТАТАЖ АВАХ
Албан хэрэг хөтлөлтийн стандарт
2019-06-13 11:38:37
Энэ стандартыг нийт ажилтнууд эрдэм шинжилгээний тайлан, ажлын тайлан бичих, өргөдөл бичих, албан бичиг, төлөвлөгөө, удирдамж боловсруулах г.м аливаа нэг баримт бичгийг боловсруулахад дагаж мөрдөх ёстой болно. Улсын үзлэгийн үеэр дурын ажилтнаас баримт бичгийн боловсруулалтын стандартыг дагаж мөрдөж байгааг шалгах боломжтой тул стандартыг уншиж судлан, цаашид баримт бичгийн боловсруулалтанд тогтмол хэрэглэж хэвшихэд анхаарч ажиллана уу.
Албан хэрэг хөтлөлтийн стандартыг хавсралтаар хүргүүллээ. ЭНД дарж үзнэ үү!
С.ДЭМБЭРЭЛ: ОДОН ОРНЫ ТҮҮХЭН ХӨГЖЛИЙГ ТУНГААЖ ҮЗВЭЛ БИДНИЙ АМЬДРАЛ ҮЗЭГДЭЭД Л ӨНГӨРЧ БАЙГАА ХЭСЭГ ЮМ
2018-12-26 10:48:30
Шинжлэх ухааны Академийн Их чуулган өнгөрөгч баасан гаригт болж өнгөрсөн юм. Энэ үеэр Академич хэргэмд 14 нэр дэвшигчээс 50 хувь нь буюу долоон хүн академич хэргэм хүртсэн юм. Мөн ШУА-ийн гадаад гишүүнээр БНХАУ-ын нэг, ОХУ-ын хоёр эрдэмтэн сонгогдсон юм.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
дэлгэрэнгүй
С. Дэмбэрэл Академич хэргэм хүртлээ
Шинжлэх ухааны Академийн Их чуулган болж өнгөрлөө. Академийн гишүүд 97 хувийн ирцтэйгээр чуулгандаа оролцсон бөгөөд 14 нэр дэвшигчээс 50 хувь нь буюу 7 хүн 75 ба түүнээс дээш хувийн саналаар гарч академич хэргэм хүртсэн юм.
Мөн ШУА-ийн гадаад гишүүнээр БНХАУ-ын 1, ОХУ-ын 2 эрдэмтэн сонгогдлоо.

Шинээр академич болсон С. Дэмбэрэлийн товч танилцуулгыг хүргэж байна.
Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор.
Содномсамбуугийн Дэмбэрэл нь 1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөн улмаар эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас тэргүүлэгч ажилтан хүртэл тасралтгүй 36 жил ШУА-д ажиллаж байна.
С.Дэмбэрэл нь геологийн болон геофизикийн нарийн түвэгтэй процессийг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. 2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.
С.Дэмбэрэл нь Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг ОХУ-ын ШУА- ийн Сибирийн салбарын Геофизикийн албаны Байгалын болон Алтай-Саяаны станцуудын мэдээллүүдтэй нэгтгэн боловсруулж бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийг судалсан байна.
Монгол орны газар хөдлөлт, чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал, хэв гажилтын төлөв байдлыг Байгалын рифтийн систем дэх геологи, геодинамикийн процесстой уялдуулан судалж гаргаж авсан үр дүнгүүд нь, мөн түүнчлэн «Монгол орны газар хөдлөлтийн голомтын механизмийн зураг», «Монгол орны кайнозойн эриний идэвхтэй хагарлууд ба тэдгээрийн сейсмик потенциал»-ын зургууд нь газар хөдлөл судлалын шинжлэх ухаанд онолын ач холбогдол бүхий бүтээлүүд болжээ.
С.Дэмбэрэл нь «Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын 1:1 000 000-ын хэмжээст зураг зохиох» шинжлэх ухаан-технологийн төслийг удирдан гүйцэтгэж, 1983 оноос хойш манай улсын барилгын норм дүрмэнд ашиглагдаж байгаа тухайн үед ЗХУ, Монголын эрдэмтдиийн хамтран зохиосон ерөнхий мужлалын зургийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн суурь болон магадлалт үнэлгээний арга зүйг ашиглан шинэчлэн боловсруулжээ.
Эрдэм шинжилгээний нийт бүтээлийн тоо нь 144 бөгөөд үүнээс монограф 5 (гадаадад 3, дотоодод 2), эрдэм шинжилгээний өгүүлэл 75 (гадаадад 62, үүнээс импакт фактор бүхий сэтгүүлд 24, дотоодод 13) хэвлүүлжээ.
Тэрээр АНУ болон Азийн геофизик, сейсмологийн чиглэлийн олон улсын 4 байгууллагын гишүүнчлэлтэй юм.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцлаа
2018-11-14 16:19:13
Монголын Үндэсний Телевизийн зочны цагаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ШУА-ийн хүрээлэнгүүдийн нээлттэй хаалганы өдөр болж байгаа талаар ярилцлаа. /2018.11.13/