Соронзон орны ерөнхий ойлголт
Соронз–д эргэлдэх момент үзүүлснээр соронзон орныг илрүүлж болдог. Гэхдээ энэ момент нь соронзонгийн чиглэлээс хамаардаг болох нь тогтоогдсон учраас соронзон орон нь цэг болгонд өөр өөр чиглэлтэй байдаг. Ийм орныг вектор орон гэж нэрлэдэг бөгөөд соронзон орны векторыг Т–ээр тэмдэглэдэг. Энэ векторыг тодорхойлохын тулд дор хаяхад гурван элемент буюу байгуулагчийг нь мэдэх шаардлагатай. Үүний тулд хойт ба зүүн зүг, эгц доош чиглэл энэ гурвыг гол чиглэл болгодог ба тэгш өнцөгт солбицлын тогтолцоонд соронзон орны Х, Ү, Z байгуулагчид харгалздаг (Зураг.1).
Зураг 1: Дэлхийн соронзон орны элементүүд
Эдгээрээс гадна хазайлтын өнцөг (D) гэж нэрлэгддэг хойт зүг ба соронзон орны хэвтээ байгуулагч (Н)–ийн хоорондох өнцөг (энэ өнцгийг хойт зүгээс цагийн зүүний дагуу тоолдог), мөн бөхийлтийн өнцөг (I) гэж нэрлэгддэг соронзон орны чиглэл хэвтээ хавтгайн хоорондох өнцөг (хэвтээ хавтгайгаас доош тоологддог), соронзон векторын хэвтээ хавтгай дахь проекцын утга соронзон орны хэвтээ байгуулагч (Н), соронзон векторын далайц соронзон орны бүрэн хүчлэгийн скаляр утга (Т) гэсэн тодорхойлолтууд өргөн хэрэглэгддэг. Орныг тодорхойлохын тулд дээр дурдсан байгуулагчдаас аль нэг гурвыг нь ажиглахад хангалттай. Ямар байгуулагчдыг ажиглах нь хэмжилт хийж байгаа зорилгоосоо ихээхэн хамаардаг. Анализ хийхэд ихэвчлэн Х,Ү хэрэглэгддэг. Голдуу Х, D, Z байгуулагчдыг бүртгэдэг. Дээр үед Н, D, Z байгуулагчдыг хэмжих нь хялбар байсан бол нарийвчлал өндөржихийн хэрээр Т, D, I–ийг хэмжих боллоо.
Соронзон орны вектор Т орших босоо хавтгайг соронзон меридиан гэж нэрлэдэг. Зураг.1-ээс харахад тригонометрийн энгийн харьцаагаар соронзон орны байгуулагчдын хоорондын харьцааг илэрхийлж болох нь харагдаж байна.
Соронзон орны бүрэлдэхүүн хэсгүүд
Дэлхийн гадаргуу дээр хэмжиж байгаа соронзон орон нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгийн вектор нийлбэр байдаг бөгөөд эдгээр нь тус тусдаа цаг хугацаа, орон зайнаас хамаарч өөрчлөгддөг үүсгэгчтэй байдаг. Энэ орны өөрчлөлт нь нийлмэл төвөгтэй шинжтэй боловч цэгээс цэгт цаг хугацааны өөрчлөлт нь нэлээн тогтуун ба орон зайн өөрчлөлт нь цаг хугацаанаас бага хамаарах шинжтэй өөрөөр хэлбэл ¶B/¶t, ¶B/¶x уламжлалууд их байж болох боловч ¶2B/¶t¶х ихэвчлэн бага байна гэсэн үг. Бид нэлээн удаан хугацааны туршид олон цэгт соронзон орны аль нэг байгуулагчийг хэмжлээ гэж үзье. Цаг хугацаагаар нь дундчилсны дараа бид зөвхөн орон зайгаас хамаарсан бүрлэдхүүн хэсэгтэй үлдэнэ. Иймээс бид хоёр зүйлийг анзаарах хэрэгтэй. Үүнд нэгдүгээрт Дэлхийн тойргийн уртад дөхөж очих орон зайн тийм урттай долгионы хэлбэртэй адил муруйд хэмжилтийн бүх утга их ойрхон оршиж байна, хоёрдугаарт энэ муруйгаас хазайх бага хазайлтууд нь хоорондоо холбоогүй тохиолдлын шинжтэй байна. Эндээс харахад бид огт хоёр өөр орны нийлбэр орныг ажиглаж байгааг олж харж болно. Үүний нэг нь өргөрөг 30о өөрчлөгдөхөд бараг хоёр дахин өөрчлөгдөж байгаа их далайцтай глобал(даяар) орон, нөгөөх нь бага далайцтай бөгөөд түүний өөрчлөгдөх орон зайн урт нь хэмжилт хийсэн цэгүүдийн хоорондох зайнаас хэтрэхгүй байна. Ажиглагдсан соронзон орны нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн үүсгэгч нь Дэлхийн гүнд байхад хоёрдугаар хэсгийнх нь газрын гадаргууд ойрхон орших үүсгэгчтэй холбоотой. Эдгээрийг хэмжсэн соронзон оронд тус тусдаа хувь нэмрээ оруулж байгаа хоёр өөр орон гэж үзэх үндэстэй бөгөөд эх соронзон орон (ЭСО), орон нутгийн соронзон орон (ОНСО–локал) гэж нэрлэдэг. Авч үзсэн хэмжилтийн дундчилсан цаг хугацааг нэг жил гэж үзье.
Тэгвэл бид 20 жилийн дараа мөн ийм хэмжилт ,тооцоо хийсэн гэвэл эх соронзон орны бага боловч хэмжигдэх хэмжээний өөрчлөлтийг олж харах байсан. Ийм хэмжилтийг дараа дараагийн 20 жилд хийсээр 100 жилийн туршид хийвэл эх соронзон орны өөрчлөлт цаг хугацаанаас шугаман бус хамааралтай болохыг харж болно. Энэ өөрчлөлтийг соронзон орны эриний хувьсал гэж нэрлэдэг.
Одоо бид хэд хэдэн газар тасралтгүй хэмжилт хийгдэж байна гэж үзье.
Хэрэв бид зууны хувьтай тэнцэх хэмжээний бүрэлдэхүүн хэсгийг хэмжиж чадвал бүх цэгүүдэд цаг хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг бүртгэх байсан. Зарим өдрүүдэд 24 цагийн хэмнэлтэй аажим өөрчлөлтүүд ажиглагдах боловч заримдаа маш хүчтэй өөрчлөлтүүд богино хугацаанд болж өнгөрөх нь ажиглагддаг. Хоёр ойр цэгт ажиглагддаг цаг хугацааны өөрчлөлт нь бараг адил. Арай алслагдсан цэгүүдэд аажим өөрчлөлт нь хоорондоо бага зэрэг ялгарах боловч бүр богино үетэй өөрчлөлтүүд нь адил байх тохиолдол байдаг.
|
Бүрэлдэхүүн хэсэг
|
Үүсгэгчийн байршил
|
Эрчим (Максимум)
|
Орны хэлбэр
|
Хугацааны
өөрчлөлт
|
Хэмжих арга
|
Хэрэглээ
|
1
|
Эх соронзон
орон
(ЭСО)
|
Гадна цөм
|
50000нТл (70000нТл)
|
Голлон диполийн орон
|
~1000 жилийн үетэй эриний хувьсал
|
Регионал (нутаг орны НО) хэмжилт
|
Бусад бүх оронд нөлөөлдөг
|
2
|
Гаж соронзон орон (ГСО)
|
Кюри цэгээс дээш орших царцдас давхарга
|
Дунджаар 100нТл (100 мянган нТл хүртэл)
|
Долгионы урт нь 1м хүрэх тогтворгүй хэсэг
|
байхгүй
|
Дэлхийн гадарга ба агаарт хийсэн хэмжилт
|
Геофизикийн хайгуул, далайн ёроолын тэлэх хурд тодорхойлох
|
3
|
Соронзон шуурганы тогтвортой орон
|
Соронзон мандал
|
150нТл
(500нТл)
|
Ойролцоогоор нэгэн төрлийн
Гадаад орон
|
4-10 цагийн үетэй, 2-3 өдрийн
дараа хэвэндээ
орно
|
Соронзон
оргил, магнитограф
|
Нарны идэвхжилийн түвшин
тодорхойлох
|
4
|
Шуурганы тогтворгүй орон ба эгэл шуурга
|
Соронзон мандал ба цэнэгт мандал
|
100 нТл
(туйлын туяаны бүсэд 200нТл)
|
Бүх дэлхийг хамарсан шинжтэй боловч туйлын бүсэд их эрчимтэй
|
5-100 хүртэлх минутын үетэй
|
Соронзон оргил, зөөврийн бүртгэх станц
|
Нарны идэвхжилийн түвшин
тодорхойлох
|
5
|
Хоногийн хувьсал
|
Цэнэгт мандал
|
50нТл
(экватор дээр
200нТл)
|
Бүх дэлхийг хамарсан шинжтэй
голлон
Р21, Р32 гармоник
|
24,12 ба 8
цагийн
үетэй
|
Соронзон оргил, магнитограф
|
Цэнэгт мандлын салхи
|
6
|
Богино үет өөрчлөлт
|
Соронзон мандал
|
Хэдэн арван нТл
(Рg-100нТл)
|
Бүх дэлхийг хамрахгүй
|
1-300 сек хүртэл үетэй
|
Их хурдтай ба Индукцийн
магнитограф
|
Соронзон мандлын резонанс
|
7
|
Индукцлагдсан орон
|
Царцдас,
дээд манти
ба далай
|
3-6 заасан
орноос 2 дахин бага
|
Бүх дэлхийг хамрах шинжтэй ч, заримдаа тогтворгүй
|
3-6 заасан үетэй адил
|
Соронзон оргил, зөөврийн станц
|
Царцдас, мантийн цахилгаан дамжууллын тархалт
|
Хүснэгт 1
Цаг хугацаанаас хамааран соронзон орон маш эрчимтэй өөрчлөгддөг бөгөөд энэ бүхнийг тус тусдаа биеэ даасан оронгууд үүсгэж байна гэж үзэж болно. Цаашдаа цаг хугацаанаас хамаарсан орныг Дэлхийн дотор эх үүсгэвэртэй, Дэлхийн гадна эх үүсгэвэртэй гэсэн хоёр том бүлэг болгон авч үздэг.
Энэ бүхнийг үндэслэн соронзон орны бүрэлдэхүүн хэсгийг Хүснэгт.1–д үзүүлсэн байдлаар тодорхойлж болно.