Нарны агаар мандалд болох гэнэтийн хүчит, байнгын бус үзэгдэл бол Наран дээрх гялбаан тэсрэлт юм. Өнгөрсөн 2023 онд рентген цацрагийн хэмжээгээрээ хүчтэй Х ангиллын Х1.0 – Х2.8 хэмжээтэй тэсрэлт нийт арван хоёр удаа болсон. Тухайн оны хамгийн хүчтэй Наран дээрх гялбаан тэсрэлт 2023 оны 12-р сарын 14-нд дэлхийн тойрог замын ойролцоо ажилладаг рентген мониторуудад бүртгэгдсэн. Энэ нь Улаанбаатарын
цагаар 12-р сарын 15-ны 00:47 цагт эхэлж, шөнийн 01:02 цагт оргилдоо хүрэн 01:12 цагт дуусав. Энэ тэсрэлтийн идэвхтэй үе 25 минут орчим үргэлжилсэн юм. Харин 2024 он дөнгөж гараад Х5.0 хэмжээтэй хүчтэй Наран дээрх гялбаан тэсрэлт 1-р сарын 1-нд Улаанбаатарын цагаар 05:36 цагт эхэлж, үүрийн 05:55 цагт оргилдоо хүрэн 06:08 цагт дуусав. Энэ Наран дээрх гялбаан тэсрэлтийн идэвхтэй үе 32 минут орчим үргэлжилсэн. Энэ өдөр Х ангиллын тэсрэлт 1 удаа, М ангиллынх 2 удаа, С ангиллынх 6 удаа болов. Эдгээр тэсрэлтүүд нь Нарны толбуудын хөдөлгөөний үр дүнд нарны титэмд соронзон болон цахилгаан эрчим хүч хуримтлагдсанаар үүссэн. Тэсрэлт болсон газар Нарны цаад талд байрлаж байсан тул Дэлхийгээс харах боломжгүй байлаа. Нарны харагдахуйц хэсэгт хүрэхээс өмнө энэ мужид аль хэдийн хэд хэдэн том тэсрэлт болсон байж магадгүй юм. Хэрэв тийм бол ойрын өдрүүдэд, өөрөөр хэлбэл оны эхний өдрүүдэд цуврал тэсрэлт үргэлжилж магадгүй. Энэхүү үзэгдэл нь Нарны идэвхжилтийн оргилд аажмаар ойртож байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь 2024 оны дунд үеэс ч тохиолдож магадгүй төлөвтэй байна. Өмнө нь хамгийн сүүлд 2017 оны 9-р сарын 10-ны өдөр X8.2 хэмжээтэй хүчтэй гялбаан тэсрэлт болж байсан билээ.