Монгол Улсын ШУА болон БНХАУ- ын Газар хөдлөлтийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн дээр байгуулагдсан Хятад-Монголын хамтарсан геофизикийн лаборатори, мэдээлэл боловсруулах дата төвийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.
“Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулан 2018 оны 5 дугаар сард БНХАУ- д зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын ШУА – ийн ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож, БНХАУ-ын Газар хөдлөлтийн захиргаатай “Бүс ба зам" санаачилгын орнуудын нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг ханган ажиллахад нөлөө учруулж болзошгүй байгалийн гамшигт үзэгдлүүд, түүний дотор хүчтэй газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх талаар ярилцаж харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм. Үүний үр дүнд Монгол улсад геофизикийн судалгааны чиглэлээр шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, шинээр геофизикийн станцууд болон хамтарсан лабораторийг байгуулах хамтын шийдэлд хүрсэн билээ.
Улмаар хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийг бүртгэх 10 станц, Дэлхийн соронзон орон судлалын 2 оргил станц, мэдээлэл хүлээн авах, хадгалах дата төвийг тус тус байгууллаа.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ – ын ГХЗ-ны Геофизикийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор ЛиЛи тэргүүтэй хамт олон, Өвөр Монгол болон Хебей мужийн Газар хөдлөлтийн захиргаа, манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж, барилга дэд бүтцийн ажлыг Хятад Монголын хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хамтран хийж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Шинээр ашиглалтад орж буй эдгээр лаборатори, станцууд нь Монгол улсын шинжлэх ухааны салбарын судалгааны техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, манай эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажилд ач холбогдол бүхий мэдээллийн санг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд БНХАУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан зөвлөх, Ли Жы
БНХАУ -ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн ерөнхий захирал Доктор Профессор Ли Ли,
Хэбэй газар хөдлөлтийн байгууллагын Газар хөдлөлт судлаач/Хэбэйгийн газар хөдлөлтийг ажиглах төвийн дэд захирал Jian Honhyi,
БНХАУ -ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн ахлах инженер Yuan Songyong
БНХАУ -ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн профессор Chen Bin
МУИХ-ын гишүүн академич Д.Рэгдэл
ШУА-ийн дэд ерөнхийлөгч доктор Ц.Цэрэндорж
МУ-ын болон Зөвлөлт холбоот Улсын баатар МУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа
ОБЕГ-ын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга хурандаа Ж.Дамдинсүрэн
ШУТС-ийн Захирал Э.Энхпүрэв болон бусад албаны хүмүүс ШУА-ийн ООГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.
Зураг 1. Хятад- Монголын хамтарсан геофизикийн лабораторийн нээлт (Зүүн гар талаас БНХАУ -ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн профессор Chen Bin, БНХАУ -ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн ерөнхий захирал Доктор Профессор Ли Ли, БНХАУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан зөвлөх, Ли Жы, МУИХ-ын гишүүн академич Д.Рэгдэл, ШУА-ийн дэд ерөнхийлөгч доктор Ц.Цэрэндорж, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга хурандаа Ж.Дамдинсүрэн, ШУА-ийн ООГХ-ийн захирал академич С.Дэмбэрэл, ШУА-ийн ООГХ-ийн ахмад судлаач доктор Ү.Сүхбаатар)
Зураг 2. Хятад- Монголын хамтарсан геофизикийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид
Хятад- Монголын хамтарсан геофизикийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан баримтат кино