Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэрийг 2009 онд гаргаж байжээ. Тэгвэл өчигдөр сэтгүүлчид шинээр үүдээ нээсэн “Сансар, од эрхсийн ордон”-нд зочилсон юм. Урьд өмнө сонсогдож байгаагүй энэ төрлийн шинжлэх ухаан судлагдахуунд чухал үүрэг гүйцэтгэх танин мэдэхүйн энэ ордонг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр барьсан ажээ.
Олон улсын хүүхдийн баяраар нээлтээ хийсэн эл ордон нь “Сансар”, “Нар, сар” кино танхим, “Од эрхэс” гэсэн гурван танхимтай бөгөөд танхим бүр өөр өөрийн гэсэн онцлог содон бүтээлүүдтэй. Мөн танхим бүрт тайлбарлагчтай. Танхимуудаар орж нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар зэрэгтэй танилцах бүрэн боломжтой.
Энэ төрлийн ордон музей манай улсад урьд нь байгаагүй учир сансар огторгуйн нууцад нэвтрэх анхны ордон нь энэ болж байна.
Ингээд ордонг хэзээнээс хүүхэд багачуудад нээлттэй болгох болон бусад асуудлаар ШУА-ын Одон орон геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-“Сансар судлал, од эрхэсийн ордон” хэзээ байгуулагдсан талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Энэхүү ордонг үүсгэн байгуулагч нь ШУА-ын Одон орон геофизикийн төв, Монгол улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ажээ. Саяхан олон улсын хүүхдийн баяраар үүдээ нээгээд гуравхан хонож байна. Монгол Улсын засгийн газрын санхүүжилтээр баригдсан.
Манай ордон гурван хэсэг бүхий цогцолбортой. Эхний хэсэг нь “Сансар”. Энэ хэсэгт өнгөрсөн хугацаанд хүн төрлөхтний сансар, огторгуйг судлахад гаргасан ололт амжилтыг харуулсан үзүүлэн байрладаг.
Дараагийн танхимд Одон орон судлалын тухай үзүүлэх кино танхим юм.
Гуравдугаарт планетари танхим нь тэнгэрийн мандлыг од эрхэс, гариг болон түүний дагуулууд сүүлт од, солир болон нар, сарны хиртэлтийг харуулдаг төхөөрөмж бүхий орчинтой “Од эрхэс”-ийн танхим юм. Энэ танхимд ороход хагас бөмбөрцгөн дэлгэцэн дээр од эрхсийг байршлаар нь үзүүлнэ. Яг л огторгуй өөрөө буугаад ирсэн мэдрэмжийг төрүүлнэ. Энэхүү үзүүлэн планетариыг бий болгож байгаа гол төхөөрөмж нь Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн бэлэглэсэн “Минолта MS-8” тусгай багаж, тоног төхөөрөмж юм. Ийм төхөөрөмжтэй болх гэж манай улс 10 жил хөөцөлдсөн. Манш удаан хугацаанд уайгагүй хөөцөлдөж байж. Энэ төхөөрөмжийг эх орондоо авчирч чадсан.
-Ийм сайхан ордонтой болсоны ач холбогдол?
-ШУА-ын Одон орон геофизикийн төвөөс байгуулсан сансар, од эрхсийн ордон нь сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийтэд таниулах, ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгтэй болгох, шинжлэх ухаанч хүмүүжлийг олгох өндөр ач холбогдолтой..
“Сансар” танхим ихэд сонирхол татлаа. Энд олон үнэт бүтээлүүд байх шиг байна, танилцуулбал?
-Тиймээ. Сансар танхимд гурван хэсгээс бүрдсэн үзүүлэн байгаа. Эхний хэсэгт алдарт одон орон, сансар судлаачдын түүх байгаа. Хоёрдугаар хэсэгт Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн ажил, амьдралтай холбоотой материалыг танилцуулсан.
Хамгийн үнэтэй үзүүлэн бол “СОЮЗ- 39” хөлгийг Байкаль нуурын сансрын пуужин хөөргөх тавцан дээр байгаа хэлбэрээр бүтээсэн загвар болон В.А. Джанибеков болон Ж.Гүррагчаа нар сансарт нисээд дэлхий дээр буухдаа ашигласан буугч аппарат ч бий. Мөн сансрын нисгэгчийн гурван төрлийн хувцас байна.
Сонирхуулаад хэлэхэд, Ордны нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцсон. Мөн ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибеков хүртэл хаа холоос манай ордны нээлтэд оролцож, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, , сансрын нисэгч М.Ганзориг нар ордны үзмэрүүдийг тайлбарлан орлцсон. Ордны нээлтийг тохиолдуулан сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт нэгэн хөлгөөр сансарт аялсансансрын нисэгч В.Жанибековыг гэр бүлийн хамт Улаанбаатарт урьж ирүүлсэн юм.
-Хүрэл тогоотод байрлах Одон орон судлалын төвөөс ямар ялгаатай вэ?
-Өнөөдөр бороотой байна. Тэнгэр бүрхэг учраас од эрхэсийг харах боломжгүй. Манай ордны Планетарийн танхимийн тусламжтайгаар өдөр ч байсан од эрхэсийг харж болно. Мөн энэ үеэр манай талбайрлагч орчлон ертөнцийн гарал үүсэл, өөрчлөлт зэргээр илтгэл тавих юм.Өөрөөр хэлбэл, Хүрэл тогоотын Одон орон судлалын төвд одод эрхсийг бодитоор харах боломжтой байдаг бол энд вазумбуулсан маягийн өрөөнд хиймлээр харна аа гэсэнүг юм. Саяр яаж, жаргаж манддаг, тэр түм буман одод ямар байрлалтай байдаг. Тэдгээрийг яаж хувааж, юу гэж нэрлэдэг гэдгийг танин мэдэхийн тулд манай ордноос үзэх боломжтой. .
-Энд ирсэн хүүхэд, залуус сансар судлалын бүрэн ойлголттой болох нь ээ?
-Хүүхдүүдэд одон орон судлалын талаар ойлголт өгөх зорилгоор Планетарийн танхимд од эрхэстэй танилцаж байх үед нь илтгэл тавина. Хүүхэд, залуус ч үүнийг илүүтэй сонирхох байх. Тиймээс бид тусгай хөтөлбөр гаргаад сургалт зохион байгуулах бодолтой байгаа. Хүүхэд нэг удаа ирээд л одон орон судлалын талаар бүх мэдээллийг авч чадахгүй. Тиймээс эхний удаад нарны аймгуудын талаар, дараагийн удаа нарны шар зам, 12 ордны талаар гэх зэргээр тусгай сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.
-Монгол Улсын одон орон судлалын шинжлэх ухааны хөгжил ямар түвшинд явна вэ?
-Ер нь Их гүрэн болохын нэг баталгаа нь сансарт өөрийн хөлгөө хөөргөсан явдал байх гэж манай хүрээнийхэн үздэг. Манай улс хиймэл дагуулаа хөөргөх тухай ярьж байгаа. Энэ нь смансарт пуужин хөөргөж байгаа улс орнуудтай гэрээ хийж, зөөгч пуужинд нь хиймэл дагуулаа байрлуулж сансарт гаргана гэсэн үг. Манай төвийн сансар судлалын шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр өндөр.
1981 онд ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Гэтэл сүүлийн үеийн залуус Монгол хүн сансарт ниссэн үгүйг ч мэдэхгүй байна. Тиймээс бид ирээдүйдээ энэ бүх сайхан түүхийг үлдээх хэрэгтэй шүү дээ. Бидний ирээдүй болсон хүүхэд, залууст түүхээ сурталчилж, дэлхий нийтэд сансар судлалын чиглэлээр гарч байгаа ололт, амжилтуудыг таниулах хэрэгтэй.Сансар судлалын хөгжил, нийгэмд эзлэх байр суурийг таниулж чадвал залуус энэ салбарыг сонирхож, ирээдүйн сансар судлаачид болох нөхцлийг бүрдүүлэх юм. Одоо дахин Монгол хүн сансарт нисэх талаар яригдана шүү дээ..
Ер нь бол сансарт нисэх тал дээр өндөр хөгжилтэй орнууд ихээхэн анхаарч байна. Тиймээс манай улс ч энэ салбарын хөгжлийг хурдасгах шаардлагатай.
-Манай улсад сансар, одон орон судлалын чиглэлийн боловсон хүчинг хэрхэн бэлтгэдэг вэ?
-Сансар судлал бол их төвөгтэй салбар. Энэ чиглэлийн мэргэжилтэн залуус одоо Монгол Улс хиймэл дагуулыг сансарт хөөргөх төсөл дээр ажиллаж байна. Энэ салбарт уул уурхай болон барилгын салбар шиг олон мэргэжилтэн хэрэггүй. Тиймээс боловсон хүчин хангалттай байгаа гэж үзэж болно.
-Хүүхэд залуус маань “Сансар судлал, од эрхэсийн ордон”-г ихээхэн сонирхож байгаа байх. Үзэхэд ямар төлбөртэй байх вэ ?
-Ордон маань нээгдээд гурав хонож байна. Ордонг үзэх тасалбарын үнийн талаар одоохондоо тодорхой хариу гараагүй байна. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт мэдэгдчихээд байгаа. Ямар ч байсан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейнуудын жишигтэй адилхан байх байх болов уу. ШУА болон харъяа хүрээлэнгүүд бол ашгийн бус байгууллага. Тэгэхээр бидний гол үүрэг бол шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд сурталчлах. Тийм болохоор нэг их өндөр үнэ хэлэхгүй байх гэж бодож байна.
-Ордон байгуулахад хэдэн төгрөгийн санхүүжилт шаардагдсан бэ?
-Засгийн газар 100 хувийн санхүүжилтээр байгуулсан. Нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг орсон. Нэг удаад 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Харин Планетарийн танхим 60-70 хүний багтаамжтай.
-Та ордныхоо байршлыг танилцуулна уу? -
“Сансар, од эрхсийн ордон” Баянзүрх дүүргийн тавдугаар хороо ШУА-ын долоодугаар байр буюу Одон орон геофизикийн судалгааны төвд байрлалтай гэдгийг дуулгая.