Тэнгэрт үзэгдэх бүдэг бараан өнгөтэй харагдах од хоорондын орчны нэг хэсгийг мананцар гэнэ. Өөрөөр хэлбэл оддын хооронд орших бүдэг цайвардуу өнгөтэй харагддаг, маш сийрэг бодисоос бүтсэн толбо маягийн зүйлийг мананцар гэж нэрлэдэг. Дээр үед тэнгэрт харагдах үргэлжилсэн үл хөдлөх биет бүхнийг мананцар гэж ойлгож, нэрлэж байсан бөгөөд судалгаагаар тэдгээрийн зарим нь гэрэлтэн буй хий, зарим нь оддын бөөгнөрөл, зарим нь аврага том оддын ай (галактик) болохыг тогтоосон. Мананцарын анхны бүртгэлийг 1781 онд Францын одон оронч Шарль Мессье зохиосон. Түүнд 103 мананцар оржээ. Мананцрыг харагдах хэлбэр дүрсээр нь
• Сарнимал мананцар – Харахад тодорхой хэлбэр дүрсгүй, гэрэлтэй болон бараан толбонуудыг сарнимал мананцар гэдэг.
• Гариг маягийн мананцар – Цагираг хэлбэртэй, төв дундаа тод толботой мананцрыг хэлдэг.
гэж хуваах бөгөөд үзэгдэх байдлаар нь гэрэлтэй ба бараан гэж ангилна. Харин сансрын тоос, хийнээс холилдон тогтсон мананцрыг хий тоосон мананцар гэж тус тус ангилдаг. Хийн мананцар нь устөрөгч, герий, усны уур, нүүрстөрөгч, метан болон хатуу биет ислүүдийг агуулдаг.
Зарим хий тоосон мананцрууд
Мананцрыг дараах төрлүүдэд хуваана:
• Нэвчлийн (Диффузийн) мананцар буюу Н II муж. Жишээ нь: Орион орд дахь мананцар
• Ойлтууран мананцар. Жишээ нь: Орион орд дахь Меропа мананцар
Мананцрын үүсэл:
Диффузийн (нэвчлийн) болон гаригархуу мананцарын үүсэл нь огт өөр өөр юм.
Диффузийн мананцар нь ямагт эргүүлэг, галактикийн мушгиа эргүүлгийн салаа зэрэг од үүсч буй хэсэгт оршдог. Тэр нь од үүсгэж буй том муж бөгөөд хүйтэн хий-тоосон үүлтэй холбоотой байдаг. Диффузийн тод мананцар нь массархаг халуун одны ойролцоо буй болсон халуун хийн үүлний өчүүхэн нэг хэсэг юм. Тийм массархуу од үүсэх нь ховор учраас диффузийн мананцар нь ямагт хүйтэн үүлтэй уялдах нь албагүй. Жишээ нь: Орион ордод тийм од хэд хэд байдаг учраас тэнд хэд хэдэн мананцар буй. Харин тэдгээр нь Орион ордыг бараг бүхлээр нь эзлэх нүдэнд үл үзэгдэх мананцартай харьцуулж үзвэл маш өчүүхэн юм. Үхэр ордод од үүсч буй том биш мужид тод халуун од байдаггүй. Иймээс тэнд мэдэгдэхүйц диффузийн мананцар байхгүй. Харин Үхрийн – Т төрлийн залуу, идэвхт оддын дэргэд хэд хэдэн бүдэг мананцар байдаг.
Гаригархуу мананцар нь хувьслынхаа төгслийн үе шатанд оршиж буй оддоос шидэгдсэн үүл юм. Хэвийн од нь түүний цөмд устөрөгч гелий болон хувирах халуун цөмийн нийлэгшил урвалын улмаас гэрэлтдэг. Цөм дэх устөрөгчийн нөөц шавхагдах үед гелийн цөм шахагдаж бүрхэвч нь тэлж од нь улаан аварга од болон хувирна. Халим ордын Мира төрлийн хувьсагч одыг энд дурьдаж болно. Эцсийн эцэст тэдгээр нь гадна талын давхаргаа гадагш цацан шиддэг. Гадуурх давхаргагүй болсон одны дотоод хэсэг нь маш их температуртай (зарим нь 100000°К хүрнэ) болно. Тэр нь алгуур шахагдаж дотоод цөмийн энергигүй болж алгуур хөрөх цагаан одой болон хувирна. Иймээс гаригархуу мананцар нь түүний төвийн одоос шидэгдэн гардаг бол Орионы мананцрын диффузийн төрлийн мананцар нь од үүсэх процессд үлдсэн бодис юм.
Зарим мананцар нь тэнгэрт нүдэнд харагдахуйц тод ажигллагддаг. Үүний нэг нь Орион ордны дунд орших Орион мананцар юм.
Зураг-1 Нүдэнд үзэгддэг Орион мананцар
Эх сурвалж: https://spacecenter.org/what-is-a-nebula/
Зураг-2 NGC 7293 гэж тэмдэглэгдсэн “Эмгэн хумс” хэмээх нэртэй гаригархуу мананцар. Энэхүү мананцар нь бидэнд хамгийн ойр орших /400 гэрлийн жил зайд/ мананцар юм. Төвийн од нь 50000К температуртай цагаан одой юм. Дүрсийн өнгө нь мананцар дахь хийтэй уялдаатай. Төвийн хөхөвтөр хэсэг нь иончлогдсон хүчилтөрөгчтэй, гадаад улаан муж нь иончлогдсон азот, устөрөгчтэй холбоотой.
Эх сурвалж: http://cosmic-colors.com/nebulae/ngc-7293-helix-nebula/
Зураг-3 Хэт шинэ одны үлдэгдэл Cassiopeia A. Хамгийн сайн судлагдсан Наймаалж хэлбэрт мананцар юм. Энэ нь 1054 онд ажиглагдсан шинэ тэсрэлтийн үлдэгдэл бөгөөд хурц ногоон судлууд нь хүчилтөрөгчөөр баялаг, улаан, нил ягаан нь хүхэр, хөх нь ихэвчлэн устөрөгч, азотоос бүрддэг.
Эх сурвалж: https://www.esa.int/Science_Exploration/Space_Science/Cassiopeia_A_-_The_colourful_aftermath_of_a_violent_stellar_death