Манай салбарын хүрээнд хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил нь олон талт чиглэлийн судалгааны үр дүнд бүрэлдэн тогтдогоороо онцлогтой. Тухайлбал газар хөдлөлтийн судалгааны ажлын үндэс нь байнгын болон нүүдлийн станц, хээрийн хэмжилтийн багаж төхөөрөмжийн ажиглалтын материал дээр суурилдаг нь инженер техникийн ажилчдын оролцоо зайлшгүй чухал байдаг. Үүний зэрэгцээ мэдээлэл боловсруулалт, мэдээллийн сан бүрдүүлэлтийн ажлыг тасралтгүй 24 цагаар гүйцэтгэх шаардлага тулгардаг. Газар хөдлөл нь геологийн үзэгдлийн нэг учраас геологи, сансрын зургийн тайлал, байр зүй болон геодинамикийн чиглэлийн судалгаа түүнчлэн дэлхийн гүний тогтоц, геофизикийн зэрэг олон судалгааны салбаруудын нэгдэл болж байдаг. Өнөөдрийн байдлаар энэхүү өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг оновчтой зохион байгуулах үүднээс Техник технологи, судалгааны баг (ТТСБ), Мэдээлэл боловсруулалт, судалгааны баг (МБСБ), Судалгаа арга зүйн баг (САЗБ), Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны баг (ГХАҮСБ) гэсэн багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл боловсруулалт, судалгааны баг нь газар хөдлөлт болон тэсэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, өргөжүүлэх, улмаар Монгол орны нутаг дэвсгэрт болж буй газар хөдлөлийн идэвхжилтийг тасралтгүй хянах, ерөнхий сейсмшилийн болон горимын судалгааг явуулж түүний зүй тогтлыг тогтоох, бүс нутгийн сейсмик долгионы хурдны загварыг зохиох, бичил сүлжээ станцын мэдээллээр сигналын анализ хийж анхан шатны боловсруулалтыг автоматжуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
ГХСС-ын МБСБ-ийн ахлагчаар Д.Мөнгөнсүрэн ажиллаж байна. Тус баг нь 14 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мэдээлэл боловсруулалт, судалгааны багын хамт олон. Урд эгнээнд зүүн гар талаас: Д.Энхтулга, М.Билгүүн, Д.Мөнгөнсүрэн, С.Одбаяр, А.Дөлгөөн; Арын эгнээнд зүүн гар талаас: Г.Ариунаа, Э.Номин-Эрдэнэ, А.Батцэцэг, Л.Дагзинмаа, Л.Саранцэцэг, Л.Тунгалаг, М.Оюун-Эрдэнэ нар.
Судалгаа арга зүй
Судалгаа арга зүйн баг нь монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн ерөнхий зүй тогтол, геодинамикийн судалгаа, хүчтэй газар хөдлөлтийн голомтын судалгаа, загварчлал, дэлхийн гүний тогтцын судалгааны ажлуудын арга зүйг орчин үеийн олон улсын стандартад нийцүүлэн байнга тогтмол сайжруулан ажиллах үндсэн зорилтыг мөрдлөг болгон ажиллаж байна.
САЗБ нь 13 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй бөгөөд багийн ахлагчаар Доктор Ц.Батсайхан ажиллаж байна.

Судалгаа арга зүйн багийн хамт олон. Урд эгнээнд зүүн гар талаас: Б.Буянтогтох, Б.Баттулга, Ц.Батсайхан, М.Өлзийбат, Ч.Баярсайхан, Ц.Баасанбат, Ц.Нямбаяр, Д.Баттогтох; Арын эгнээнд зүүн гар талаас: Д.Ганзориг, Б.Тэнгис, Г.Байгальмаа, Д.Эрдэнэзул, Г.Баттүвшин, А.Мөнхсайхан нар.
Техник технилоги, судалгааны баг
Техник технологи, судалгааны баг нь Монголын нутаг дэвсгэрт ажиллаж буй газар хөдлөл бүртгэх станцын сүлжээ болон геофизикийн ажиглалтын станцуудын байнгын тогтвортой хэвийн үйл ажиллагааг хангаж, мэдээллийг тасралтгүй шууд горимоор ҮМТ-д дамжуулах техникийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж байна. ТТСБ-ийн гишүүд нь 24/7 горимоор станцын сүлжээг хянаж, доголдол гарсан тохиолдолд түргэн шуурхай гэмтлийг засварлах, мэдээлэл дамжуулалтын чанарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Геофизикийн суурь болон хавсарга судалгааны багаж тоног төхөөрөмжүүдийг найдвартай хэвийн ажиллахад шаардагдах техник технологийн шинэчлэлтийг тогтмол хийж, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх нөхцөл бололцоог ханган ажиллаж байна. Ж.Баяраа нь ТТСБ-ийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд тус баг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Техник технологи, судалгааны багийн хамт олон. Урд эгнээнд зүүн гар талаас: Д.Лхагвадорж, Г.Төгөлдөр, Б.Баттулга, Ж.Баяраа, М.Өлзийжаргал; Арын эгнээнд зүүн гар талаас: Г.Цэрэндаш, Д.Даваадорж, А.Энхтүвшин, Р.Наранцэцэг, С.Тогтохбаяр, Paul Dufay, А.Наранмандах, Б.Мөнхбаяр нар.
Газар хөдлөлтийн ауюлын үнэлгээний судалгааны баг
Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны баг нь тус салбарын “Улаанбаатар хот болон түүний дагуул дүүргүүдийн бичил мужлалын зураг зохиох” шинжлэх ухааны төслийн ажлын хүрээнд 2012 онд үүсгэн байгуулагдсан. Доктор, дэд профессор Ч.Одонбаатар ахлагчтай тус баг нь 8 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Манай хамт олон газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааг суурь болон магадлалт үнэлгээний орчин үеийн дэвшилтэт арга зүйгээр тооцоох боловсруулалтын програм хангамжийг бий болгож, мэдээллийн санг бүрдүүлэн, өнөөгийн олон улсын стандартад нийцсэн судалгааны ажлыг хийж байна. Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа нь болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн барилгын норм норматив тогтоох, хот байгуулалтын иж бүрэн баримт бичиг бүрдүүлэх ба хотын төвлөрлийг сааруулж дагуул хотуудыг хөгжүүлэх шинэ төлөвлөлтийн урт болон богино хугацааны төлөвлөгөө зохиоход суурь мэдээлэл болдог ач холбогдолтой.

Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны багын хамт олон. Урд эгнээнд зүүн гар талаас: Д.Анхцэцэг, Ч.Одонбаатар, С.Дэмбэрэлдулам; Арын эгнээнд зүүн гар талаас: Г.Баатарсүрэн, М.Мөнгөншагай, Э.Баярсайхан, А.Амармэнд, М.Дорждаваа нар.
Үндэсний мэдээллийн төв
Монголын газар хөдлөлийн үндэсний мэдээллийн төв

Өнөөдөр ГХҮМТ нь мэдээлэл хүлээн авах хадгалах болон мэдээлэл боловсруулах гэсэн хоёр хэсэгтэй, Монгол орон болон хил орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн мэдээллийг бүрэн хамарсан мэдээллийн сантай, дэлхийд болж буй хүчтэй газар хөдлөлт болон цөмийн тэсэлгээг хэдхэн минутын дотор тодорхойлох боломжтой төв болон өргөжөөд байна.

Газар хөдлөлтийн анхан шатны автомат бодолтын “Seiscomp” программ хангамжийн ерөнхий байдал.
Монгол орны нутаг дэвсгэрт болсон мэдэгдэм хүчтэй газар хөдлөлтийг богино хугацаанд тодорхойлж холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлэх түүнчлэн Улаанбаатар хотоос 300 км-ээс цааш орших хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад болзошгүй гамшигт хөдлөлт болсон тохиолдолд хамгийн багадаа 30 секундийн өмнө анхааруулах боломжтой системийг бүрдүүлээд байна.
Монгол Улс дахь ЦТБХГБ-ын олон улсын хяналтын станцууд
Цөмийн туршилтыг хянах олон улсын мониторингийн станц: 1996 оны 9 сарын 10-нд хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулганы тусгай хуралдаанаас цөмийн зэвсэг бүхий л хэлбэрээр тархах явдлыг зогсоох, цөмийн зэвсгийг хураах, улмаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг баталсан. Тус гэрээг заавал соёрхон батлах ёстой 44 орны хамгийн сүүлчийн улс батламж жуух бичгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш 180 хоногийн дараа уг Гэрээ хүчин төгөлдөр болохоор заагдсан байдаг. Одоогоор 188 орон уг гэрээнд нэгдэн орж үүнээс 166 орон нь баталгаажуулаад байна. Монгол улс нь 1996 онд гэрээнд нэгдэн орж 1997 оны 8 сарын 8-нд соёрхон баталсан. Тус гэрээний хүрээнд Цөмийн Туршилтыг Бүрэн Хорих Гэрээний Байгууллагыг (ЦТБХГБ) байгуулан улмаар дэлхийн олон улсад Хяналтын системийг суурилуулаад байна. Эдүгээ олон улсын хяналтын системд 327 станц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрт цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлт, агаарт тархах нэл авиа, далай тэнгист тархах дуу авиа, агаар дахь цацрагийн тархалтыг хэмжих станцуудын багтаж байна.
Манай улсын хувьд 2000-2006 онуудын хооронд газар хөдлөлт бүртгэх PS-25, Нэл авианы IS-34, Цацрагийн тархалтыг хэмжих RN-45 ба RNX-45 станцуудыг Улаанбаатар хотоос баруун урагш 50 орчим км зайд Таван толгой дахь цэргийн ангийн дэргэд байгуулан хэвийн үйл ажиллагааг ханган ажиллуулж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд манай инженерүүд станцуудын багаж төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагааг 24 цагаар хянах, нарийн хэмжилтүүдийг хийх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон ЦТБХГБ хооронд байгуулсан гэрээнд заагдсан тус станцуудад эвдрэл гэмтэл гарах үед богино хугацаанд засварлах, мэдээллийг жилийн турш 98.5% тасралтгүй дамжуулах зэрэг амаргүй үүргийг манай инженер болон судлаачийн хамт олон нэр төртэйгөөр биелүүлсээр ирлээ. Хяналтын станцуудын жилийн мэдээлэл дамжуулалтыг дунджаар 99%-аас дээш хувиар ханган ажиллахын зэрэгцээ Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос зэрэг улсуудын хийсэн цөмийн тэсэлгээний мэдээллийг богино хугацаанд боловсруулан холбогдох байгууллагуудад мэдээлсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно.

ЦТБХГБ-тай хамтран байгуулсан газар хөдлөлт, агаарт тархах нэл авиа,
далай тэнгист тархах дуу авиа, агаар дахь цацрагийн тархалтыг хэмжих станцууд.