Хүн төрөлхтөн эрт дээр үеэс өнөөг хүртэл амьдрал, үйл ажиллагааны шаардлагаар (тухайлбал, цаг хугацаа, улирал тодорхойлох гэх мэт) нэн тэргүүнд хэрэглэж ирсэн зүйл бол календарь буюу он тооллын бичиг юм. Он тоолол (календарь) нь нийгэм, шашин, худалдаа арилжаа болон засаг захиргааны зориулалтаар өдрүүдийг эрэмблэн зохион байгуулсан систем юм. Он тоолол гэдэг нь Ром он тооллын сарын эхний өдрийг нэрлэсэн нэрнээс гаралтай. Ром, Египет, Хинди, эртний Перс, Этопи, Япон, Ислам, Маяа гэх мэт тухайн үед бие даасан болон ноёрхож байсан улсууд шашны нөлөөгөөр янз бүрийн он тооллыг ашиглаж байсан.
Манай эриний өмнөх (М.э.ө.) хэдэн мянган жилийн үед он тооллын систем хэрэглэж байсан эх сурвалж Египт, Вавилон, Хятад улсад олдсон байдаг. М.э.ө. 2697 онд Хятад улсад Нарны хиртэлтийг ажигласан хамгийн эртний мэдээлэл байдаг бөгөөд тэр жилээс эхлэл авсан тоолол болох хятадын үет эрин гэх тоолол бий болсон байна. Энэ тоололд жар жаран жилээр нэг эрин болгон хуваасан байдаг. Мөн 5 махбодь болон 12 жилийг энэ тоололд ашигладаг.
Жишээ нь Хятадын энэ тоолол гэхэд л 1984 онд 79 (зарим тохиолдолд жарныг өөр байдлаар тооцох нь бий) дахь жаран нь эхлэн үргэлжилж байгаа бол Түвд, Монголын жаран 1027 оны гал туулай жилээс эхлэн 17 дахь жарандаа явж байна.
М.э.ө. 5509 оны 9-р сарын 1-нээс Византын он тооллын систем эхэлсэн байдаг. Энэ тооллыг Христийн сүм хийдүүд хэрэглэдэг. М.э.ө. 3761 оны 10-р сарын 7 бол Еврей он тооллын эхлэл. Энэ тоолол Израиль улсад хэрэглэгддэг байна. М.э.ө. 3102 оны 2-р сарын 18 бол Энэтхэг он тооллын Калиюг эриний эхлэл байх жишээтэй. Он тооллын ийм олон системүүд улс орнуудад хэрэглэгдэж байдаг.
Он тооллын нэгж. 1 жил гэдэг нь Дэлхий Нарыг бүтэн 1 тойрох хугацаа. 1 сар гэдэг нь Дэлхийг Сар бүтэн 1 тойрох хугацаа. Харин 7 хоног нь Сар Дэлхийг тойрохоо үүсгэж буй фазтай (үе) холбоотой үүссэн байна. Ингэхдээ шинэ сар гараад 7 хоноод тал харагдан, хоёр 7 хоноод бүтэн, дахиад 7 хоноод тал, мөн дахин 7 хоноод үзэгдэхгүй болдог байна.
Зарим улс уламжлалаараа одоог хүртэл эртний он тооллыг ашигласаар байна. Жишээ нь Япон улс эзэн хааны тооллоо уламжлал болгон авч явсаар байна. Мөн манай орон 1747 оноос Төгс буянт зурхайг ихэвчлэн ашиглаж байна.
Одоо үед хамгийн их ашиглагдаж байгаа он тоолол нь Григорийн календарь юм. Энэ тооллыг Ромын Пап Григори XIII 1582 оноос дэлгэрүүлсэн ба тухайн үед ашиглаж байсан Юлийн тооллын сайжруулсан хэлбэр нь юм. Юлийн тооллыг манай эриний өмнөх 46 онд Ромын удирдагч Юлий Цезарь нэвтрүүлсэн юм. Юлийн тоолол нь ердийн жилийг 365 хоногоор тооцож, 4 жил тутамд 366 хоногтой өндөр жилийг бий болгодог байсан нь дунджаар 1 жилд 365.25 өдрийг агуулж байна гэсэн үг юм. Гэтэл Дэлхий Нарыг ойролцоогоор 365.2422 хоногт тойрдог тул 1000 жилийн хугацаанд 8 өдрийн алдаа гарна. Иймээс ойр ойрхон засвар хийж байхгүй бол болохгүй байв. Харин шинэчлэн засварласан Григорийн тоолол нь зарчмын хувьд Юлийн тоололтой ижил ч 400 жилд 3 удаа өндөр жилийг байхгүй болгох замаар 1 жилийн дундаж өдрийн тоог 365.2425 болгосон байна. Ийнхүү цаг тооллыг засварлан 1582 оны 10-р сарын 4-ний өдрийн маргаашийг шууд 1582 оны 10-сарын 15-ны өдөр болгон үсэргэсэн юм.
Зарим улсын орнуудын Григорын тоолол ашиглаж эхэлсэн цаг хугацаа:
1582 оны 10 сарын 15 – Итали, Испани, Португал, Польш
1582 оны 12 сарын 20 – Франц
1583 оны 1 сарын 1 – Бельги, Нидерланд
1583-1587 он – Герман, Швейцари, Унгарын католик шашинтай хотууд
1700 оны 3 сарын 1 - Германы протестант шашинтай хотууд, Дани
1752 оны 9 сарын 14 – Их британи, АНУ
1918 оны 2 сарын 14 – Оросын холбоот улс