БНХАУ-ын Чэнду хотноо 5 дугаар сарын 14-16-ны хооронд БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулсан олон улсын хуралд амжилттай оролцоод ирлээ. Тус олон улсын хурлыг “Эх газрын газар хөдлөлт-олон улсын IV хурал” болон “Азийн сейсмологийн XII чуулган”-уудыг нэгтгэн зохион байгуулсан нь олон орны судлаачдыг нэг дор цуглуулж, мэдлэг туршлагаа солилцох өргөн боломжийг бүрдүүлж өгснөөрөө өндөр ач холбогдолтой байлаа. Энэхүү хуралд Монгол улсын ШУА-ын ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, Одон орон геофизикийн хүрээлэн(ООГХ)-гийн захирал Профессор С.Дэмбэрэл, тус хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбар(ГХСС)-ын дарга Доктор М.Өлзийбат, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Доктор А.Мөнхсайхан, Б.Буянтогтох, М.Дэмбэрэлдулам, Л.Тунгалаг, С.Тогтохбаяр, Л.Дагзинмаа нар оролцож судалгааны ажлын үр дүнгээрээ 4 аман илтгэл, 7 ханын илтгэл хэлэлцүүлсэн.
Зүүн гар талаас: ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтогтох, ООГХ-ийн захирал Доктор, профессор С.Дэмбэрэл, ШУА-ын ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Доктор А.Мөнхсайхан нар.
Зүүн гар талаас: ООГХ-ийн ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагзинмаа, Б.Буянтогтох, Доктор А.Мөнхсайхан, ГХСС-ын дарга Доктор, дэд профессор М.Өлзийбат, ООГХ-ийн захирал Доктор, профессор С.Дэмбэрэл, ГХСС-ын эрдэм шинжилгээний ажилтан Л.Тунгалаг, М.Дэмбэрэлдулам, С.Тогтохбаяр нар
Тус хуралд 14 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцож, газар хөдлөлтийн өмнөх болон дараах геофизик орны өөрчлөлт; газар хөдлөлтийн геодинамик процесс; газар хөдлөлтийн аюулыг үнэлэх, урьдчилан сэргийлэх; хүчтэй газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем; газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн инженерчлэл; гамшгийн үед авах арга хэмжээ болон агаар сансрын зураглал хийх зэрэг сэдвээр 3 өдрийн турш 780 гаруй аман болон ханын илтгэл хэлэлцүүлсэн байна.
“Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулсан олон улсын хурлын үеэр БНХАУ-ын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагаа” сэдэвт дээд хэмжээний уулзалт болсон. Тус уулзалтаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн аюултай тэмцэх чадавхийг бэхжүүлэх механизмыг бий болгох, хамтран ажиллах талаар Монгол улс дэмжин оролцохоо илэрхийлэн, хэлэлцээрт хүрсэн баримт бичигт гарын үсэг зурав. Тус хэлэлцээрт манай улсаас гадна Армени, БНХАУ, Казакстан, БНСУ, Мьянмар, Непал, Пакистан, ОХУ, Сингапур, Танзань, Үзбекстан улсууд, мөн Азийн Сейсмологийн холбоо болон Африкийн Сейсмологийн холбоод оролцсон.