2019 онд Нарны хиртэлт хоёр удаа, эхнийх нь 7-р сарын 02-нд болж өнгөрсөн бол нөгөө нь 12 дугаар сарын 26-нд тохиох юм. Нар, Сар болон Дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран Нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж нэрлэдэг. Зарим тохиолдолд бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн хиртэлт нь нэг удаагийн Нарны хиртэлтээр цувран ажиглагдах тохиолдол бий. Энэ удаагийнх Нарны хүрээтэй цагирган хэлбэртэй хиртэлт юм (Зураг 1).
Зураг 1. Нарны хавтгайг бүрэн хаах хэмжээнд Сарны хавтгайн талбай хүрэхгүй учир цагирган хэлбэрийн гэрэлтэлт ажиглагдана.
Хиртэлтийн гол зурвас Саудын Арабаас эхлэн Энэтхэг, Суматрийг дайран өнгөрнө. Хиртэлт Улаанбаатарын цагаар 10:29:43 цагт эхлээд 16:05:36 цагт дуусах юм. Манай орны нутагт дундажаар 10% орчмын хагас хиртэлт 12 цаг 40 минутаас 13 цаг 45 минутын хооронд ажиглагдана. Иймд огт анзаарахгүй өнгөрч мэднэ. 2-р зурагт NASA-гаас тооцоолон гаргасан хиртэлтийн параметрүүд, гол зурвасын дайрч өнгөрөх замыг харуулсан байна.
Зураг 2. Нарны цагирган болон хагас хиртэлт ажиглагдах зурвас зам, цаг хугацаа, сарос, магнитуд зэргийг харуулсан байна.
Эх сурвалж: https://eclipse.gsfc.nasa.gov/
Нарны хиртэлт нь тухайн нутаг дэвсгэрт ховор тохиолддог байгалийн сонирхолтой үзэгдлийн нэг. Сүүлийн жилүүдэд Нарны бүтэн хиртэлт манай оронд хэд хэдэн удаа болсон. 1997 оны 3-р сарын 09-нд нутгийн хойт хэсгээр, 2006 оны 3-р сарын 29-нд Хөвсгөл нуур орчимд, 2008 оны 8-р сарын 01-нд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр Нарны бүтэн хиртэлт тохиосон билээ. Манай оронд ажиглагдах дараагийн Нарны бүтэн хиртэлт 2063 оны 8-р сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрөх юм. Мэдээж энэ хооронд манай оронд хагас хиртэлтүүд олон ажиглагдана.
Зураг 3. Ховд аймгийн Алтай сумын Өвдгийн үзүүр, 2008.08.01. a. “Алмазан шигтгээт бөгж” гэж нэрлэдэг үзэгдэл буюу Нарны анхны цацраг Сарны уул нурууны завсраар гарч ирж байна, b.Экспозиц t=1/200сек, c. t=1/50сек, d. Синтез хийж боловсруулалт хийсэн зураг (Словак улсын эрдэмтдийн боловсруулалт хийсэн синтез зургаас).
2008 оны Нарны бүтэн хиртэлтийг ажиглах ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, Словак Улсын Одон орныг судлах оргил, Оросын Холбоот Улсын Эрхүү хотын их сургуулийн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний баг Ховд аймгийн Алтай сумын Өвдгийн Үзүүр гэдэг газарт ажиллаж Нарны бүтэн хиртэлтийн цуврал зургуудыг авсан юм.
3-р зургаар заримыг нь үзүүллээ. Нарны гадна талын бүрхүүл (агаар мандал) хэд хэдэн давхаргаас тогтох бөгөөд хамгийн гадна талынхыг титэм гэж нэрлэдэг. Титэм зөвхөн бүтэн хиртэлтийн үед хүний нүдэнд харагдана. Цагирган хэлбэрийн хиртэлтийн үед ч харагдахгүй. Гэхдээ сансрын станц дээр очсон хүн дурын зүйлээр Нарыг халхлан хиртэлт үүсгэн титэм, түүнд орших дөлийг (эхний зураг 3а дээр харагдаж байгаа жижигхэн улбар дөл, гэхдээ Дэлхийгээс хэд дахин том хэмжээтэй) харж чадна. Зураг 3(b,c) дээр экспозицийн өөр өөр хугацааны үргэлжлэлээр авсан титмийн зураг. Энд Нарны дотоод титмийн өөр өөр хэсгүүд харагдаж байна. “Хүрэл Тогоот” Одон орныг судлах оргилд тусгай зориулалтын Коронограф дурангаар (хиймэл хиртэлт үүсгэх замаар) Нарны дөлний зураг, титмийн спектрийг буулган авч судалгаа явуулдаг. Энэ жилийн хувьд Нарны идэвхжлийн ер бусын гүнзгий минимум тохиож байгаа бөгөөд тун удахгүй, магадгүй шинэ онтой зэрэгцэн 25-р шинэ цикл эхлэх төлөвтэй байна.
ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Д.Батмөнх