Мөс, чулуулаг, тоосонцор зэргээс бүрдсэн хатуу цөмтөй, нарыг зууван замаар тойрон эргэдэг нэлээд хэврэг тэнгэрийн жижиг биетүүдийг сүүлт од гэж нэрлэдэг. Эрт үед тэднийг харагдах байдлаар нь утаат од, үсэрхэг од гэж ч нэрлэж ирсэн түүхтэй. Наранд ойртох тусам түүний цөм халж гадаргуу нь ууршин, нарны эсрэг тал уруу нарны салхиар туугдан шидэгдэж буй бөөмс нь нарны туяа ойх үед сүүл, утаа мэт үзэгддэг тул ийнхүү нэрлэсэн. Сүүлт од нь зөв биш хэлбэртэй, өөрийн гэсэн сүүлтэйгээрээ онцлог бөгөөд сүүл нь их хэмжээний талсжсан мөс, хий, тоосонцорыг агуулдаг. Сүүлний урт нь 150 сая километр хүртэл хүрдэг. Сүүлт одны үндсэн хэсэг нь хэдхэн километрын диаметртэй түүний цөм юм. Цөмийн диаметр нь 0.5-20 км бөгөөд бүх масс нь бараг хуралдсан байдаг. Сүүлт одны масс нь бага тул гаригуудын хөдөлгөөнд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Харин гаригууд сүүлт одны хөдөлгөөнд нөлөөлөх ба тэднийг задлан бутлах, сүйрүүлэх боломжтой. Хэдий таталтын нөлөөгөөр гаригийг мөргөж сөнөх нь ховор боловч цөөн тохиолдол бий. Жишээлбэл 1994 оны 7-р сард “Шумайхер Левий 9” нэртэй сүүлт од Бархасбадь гаригтай мөргөлдөн сөнөсөн.
Нарыг тойрох хугацаагаар нь сүүлт одыг урт ба богино үетэй гэж ангилж үздэг. Богино үет сүүлт од гэдэг нь 3-10 жилийн давтамжтай нарыг тойрдог сүүлт оддыг хэлэх ба эдгээр нь ихэнхидээ Койперийн бүсээс ирдэг. Одоогийн байдлаар 400 гаруй богино үет сүүлт од бидэнд мэдэгдэж байгаа. Урт үет сүүлт од гэдэг нь нарыг 200-аас хэдэн сая жилийн давтамжтай нарыг тойрдог сүүлт одод юм. Эдгээр сүүлт одод нь Койперийн бүсээс ч алс хол байрлах бүсээс ирж болох таамаглалыг 1950 онд Нидерландын астрономич Жан Хендрик Оорт дэвшүүлж байсан. Түүний дэвшүүлж байсан энэхүү бүс нь нарны аймгийн хамгийн зах хязгаар муж ба ус, метан, бусад хийнүүдээс тогтсон маш олон тооны биетүүд байдаг хэсэг юм. Энэ мужийг Оортын үүл гэж нэрлэдэг.
Олон улсын Астрономийн Холбоо 1995 оноос эхлэн сүүлт одыг тэмдэглэх дараах системийг нэгдсэн журмаар тогтоосон. Үүнд: Уг сүүлт од нь
Богино үет (200 жилээс бага) бол латины “P” үсэг
Урт үет (200 жилээс их) бол латины “С” үсэг
Бутарсан буюу үгүй болсон бол “D” үсэг
Сүүлт од гэж ташаа тооцож байсан бага гариг бол “А” үсэг
бичиж ардаас нь ташуу зураас “ / ” тавиад дараа нь нээгдсэн он, аль сарын аль хагасд нээснийг латины том үсгээр, тэгээд тэр хагасд нээгдсэн хэд дэх сүүлт од болохыг араб тоогоор бичнэ. Эцэст нь дугуй хаалт дотор нээсэн хүн буюу эсвэл төслийн нэрийг бичнэ. Жишээ нь: C/2001 A1 (LINEAR) гэж байвал “С” нь урт үет сүүлт од гэдгийг, 2001 нь 2001 онд нээгдсэнийг, “А” нь жилийн эхний хага сард нээгдсэнийг, “1” гэсэн тоо нь дээрх хагас сард (I сарын 1-15) нээгдсэн анхны сүүлт од гэдгийг, дугуй хаалт дахь үг нь “LINEAR” хэмээх төслийн хүрээнд нээгдсэн болохыг тус тус заана. Жилийн 24 хагас сар бүрт харгалзах латин үсгийг хүснэгтээр үзүүлбэл:
Сар
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
1-15
|
A
|
C
|
E
|
G
|
J
|
L
|
N
|
P
|
R
|
T
|
V
|
X
|
16-30 (31)
|
B
|
D
|
F
|
H
|
K
|
M
|
O
|
Q
|
S
|
U
|
W
|
Y
|
Урт үет сүүлт оддын зарим нэр ба тэмдэглэгээ
Тэмдэглэгээ
|
Олон улсын нэр
|
Монголчилсон нэр
|
C/1577 V1
|
-
|
-
|
C/1811 F1
|
Great comet
|
Том сүүлт од
|
C/1843 D1
|
Great March comet
|
III Сарын том сүүлт од
|
C/1858 L1
|
Donati
|
Донатийн
|
C/1880 C1
|
Great southern comet
|
Өмнөд том сүүлт од
|
X/1882 K1
|
(Eclipse comet)
|
(Хиртлийн сүүлт од)
|
C/1882 R1
|
Great September comet
|
IX Сарын том сүүлт од
|
C/1887 B1
|
Great southern comet
|
Өмнөдийн том сүүлт од
|
C/1910 A1
|
Great January comet
|
I Сарын том сүүлт од
|
C/1911 S3
|
Beljawsky
|
Белявский
|
C/1956 R1
|
Arend-Roland
|
Аренд-Ролан
|
C/1963 R1
|
Pereyra
|
Перейр
|
C/1965 S1
|
Ikeya-Seki
|
Икея-Секи
|
C/1970 K1
|
White-Ortiz-Bolelli
|
Уайт-Ортис-Болелли
|
C/1973 E1
|
Kohoutek
|
Когоутек
|
C/1989 Y1
|
Skorichenko-George
|
Скориченко-Жорж
|
C/1995 O1
|
Hale-Bopp
|
Хейл-Болл
|
C/1996 B2
|
Hyakutake
|
Хякутакэ
|
C/2004 Q2
|
Machholz
|
Махгольц
|
C/2006 A1
|
Pojmański
|
Пойманьский
|
C/2006 P1
|
McNaught
|
Макнот
|
C/2007 N3
|
Lulin
|
Лулинь
|
Сүүлт одны тэнгэр дэх замын хөдөлгөөнийг Английн одон оронч Эдмунд Галлей анх удаа тодорхойлж байсан. Тэрээр 1531, 1607, 1682 онуудад ажиглагдсан сүүлт од нь нэг л сүүлт од бөгөөд түүний харагдах үе нь 76 жил гэж тодорхойлсон байдаг. 1758 оны 12-р сарын 26-нд Германы эрдэмтэд уг сүүлт одыг дахин ажиглаж баталсанаар Галлейн сүүлт од гэж нэрлэхээр болсон юм. Галлейн сүүлт од хамгийн сүүлд 1986 онд ажиглагдсан бөгөөд 1986 оны 3-р сарын ойртолтын үеэр ЗХУ-ын сансрын станцууд болох “Вега-1”, “Вега-2” станцууд сүүлт одонд дөхөн нарийн хэмжилт, судалгааг хийж байсан. Станцуудын судалгааны үр дүнгээс үзвэл:
- Галлейн сүүлт одны масс нь 6*1011 тонн
- Тэнхлэгээ тойрох хугацаа нь 53 цаг
- Толгойн цөм бага
- Нарнаас 0.8 а.н. зайтай байх үеийн гадаргын температур 360К
- Сүүлний зах хэсэгт секунд тутам 45 тонн хий, 5-8 тонн тоос шороо
ялгарч байгааг тодорхойлж байсан байна. Дараагийн удаа 2061 оны 7-р сарын 28-нд бидэнд ажиглагдан гэж тооцоолсон.
Зураг-1. 1986 оны 3-р сарын 8-нд авсан Галлей хэмээх сүүлт одны гэрэл зураг.
Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Halley%27s_Comet#/media/File:Lspn comet_halley.jpg
Зураг-2. 2010 оны 10-р сарын 4-нд Deep Impact Flyby сансрын хөлгийн авсан 103P/Hartley хэмээх сүүлт одны цөмийн зураг.
Эх сурвалж: https://astronomy.com/news/2010/11/deep-impact-flyby-spacecraft-images-comet-103p-hartley