Геминид солирын урсгал
ХIХ-р зууны төгсгөлд одон орон судлаачид Геминидийг нээсэн. Анх нээгдсэн
үеэсээ цагт унах солирын урсгалын тоо ихээхэн өсч одоогоор хамгийн хүчтэй
солирын урсгалын нэг болсон. Энэхүү солирын урсгал нь 12-р сарын 4-с 12-р сарын
17-ны хооронд ажиглагддаг. Энэ жилийн оргил үе нь 12-р сарын 13-ны шөнөөс 12-р
сарын 14-ний өглөө хүртэл. Урсгалын хурд нь 34 км/с. Цагт 150 хүртэлх солирыг
ажиглаж болно. Заримдаа түүнийг солирын борооны хаан ч гэж нэрлэдэг бөгөөд
хамгийн ихдээ цагт 200 хүртэл солир ажиглагдаж байсан. Энэ урсгалыг бусад
солирын урсгал шиг сүүлт од үүсгээгүй, харин бага гариг (3200) Фаэтон-Phaethon эх
үүсгүүр нь юм. Түүнд сүүлт од шиг тоос шорооноос тогтсон үүл ч байхгүй, сүүл ч
байхгүй, тоос ч байхгүй. Одон орон судлаачид энэ объектыг хэт улаан туяаны
сансрын дуран ашиглан илрүүлсэн. Фаэтон нь хэт сунасан тойрог замтай тул
Нарыг тойрон эргэхдээ Буд, Сугар, Ангараг, Бархасбадь гаригуудын тойрог замтай
огтолцдог. Түүнээс гадна бусад бага гаригуудаас Нартай ойрхон өнгөрдөг.
Солирын урсгал цацрах цэг нь Ихрийн одны орд.
Урсид солирын урсгал
Жил бүрийн 12-р сарын 17-ноос 12-р сарын 26-ны хооронд ажиглагддаг
солирын урсгал бол Урсид солирын урсгал юм. Урсгалын хурд нь 33 км/с. Энэхүү
солирын урсгалын оргил үе нь өвлийн туйлын өдөр буюу 12-р сарын 22-нд тохиодог.
Энэ үед бараг бүтэн сар гарах тул хамгийн тод нь харагдах боломжтой. 1 цагт
ойролцоогоор 5-10 солир ажиглагддаг боловч 1973 онд 30 хүртэл, 1986 онд зуун
солир ажиглагдаж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Дэлхийн агаар мандалд хэдхэн
солир үзэгдэхээс гадна нэгэн зэрэг олон солир харагдах боломжтой юм. Эх үүсгүүр нь
Таттл (8P/Tuttle) сүүлт од. Энэ нь Бархасбадь гаригийн бүлэгт хамаарагдах богино
үет сүүлт од бөгөөд 1790 оны 1-р сарын 9-нд Францын одон орон судлаач Пьер
Мешен нээсэн. Сүүлт од нь Нарыг тойрон эргэдэг бөгөөд 2021 оны наймдугаар сард
Наранд хамгийн ойрхон ойртсон.
Солирын урсгалын цацрах цэг нь Бага баавгай (лат.Ursa Minor) одны орд юм.
Эдгээр сонирхолтой үзэгдлийг шөнийн тэнгэрт ажиглахыг хүсвэл хотын
гэрэлтүүлгээс холхон солирын урсгалын цацрах цэгүүд болох Ихэр ба Бага баавгай
одны орд руу харахад л болно.
Эх сурвалж: https://www.imo.net/resources/calendar/#Geminids