Байгалийн сонирхолтой үзэгдлүүдийн нэг бол яах аргагүй Нарны хиртэлт юм. Энэхүү одон орны нэн сонирхолтой үзэгдэл нь Сарны хавтгай Нарыг халхалж конус хэлбэрийн сүүдэр Дэлхийн гадаргуутай огтлолцсоноос үүсдэг. Өөрөөр хэлбэл Нар, Сар, Дэлхий гурав дурьдсан дарааллаар нэг шугам дээр байрлахад энэхүү үзэгдэл тохионо. Манай оронд сүүлийн жилүүдэд Нарны бүтэн хиртэлт хэд хэдэн удаа ажиглагдсан.1997 оны 3-р сарын 9-нд нутгийн хойт хэсгээр, 2006 оны 3-р сарын 29-нд Хөвсгөл нуур орчимд, 2008 оны 8-р сарын 1-нд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр Нарны бүтэн хиртэлт болсон. Харин манай оронд ажиглагдах дараагийн Нарны бүтэн хиртэлт 2063 оны 8-р сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрөх болно. Нарны гадна талын бүрхүүл хэд хэдэн давхаргаас тогтох бөгөөд хамгийн гадна талынхыг титэм(см. Зураг 1.) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Нарны агаар мандлын хамгийн гадна талын давхарга нь титэм юм. Тиmэм зөвхөн Нарны бүтэн хиртэлтийн үед л тод хүний нүдэнд харагдана. Нарны титэм сул эрчимтэй цацраг гаргадаг учраас энгийн үед нарны гэрэлт мандлын гэрэлд дарагдан уг титэм харагддаггүй.
Зураг 1.2006-03-29-нд болсон Нарны бүтэн хиртэлтийн үед манай судлаачдын авсан титмийн зураг.
2021 оны 12-р сарын 4-нд Нарны бүтэн хиртэл болно. Хиртэлт Улаанбаатарын цагаар 13:29:11 цагт эхлээд 17:37:23 цагт дуусна. Хиртэлтийн гол зурвас Номхон далай, Атлантын далай, Антарктид тивээр дайран өнгөрнө. Бүтэн фазын хамгийн их үргэлжлэх хугацаа 1 минут 54 сек бөгөөд мөстсөн тивийн цөөн судлаачид энэхүү хиртэлтийг ажиглах боломжтой юм. Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд Африкийн өмнөд хэсэг, Австралийн өмнөд хэсэгт ажиглагдах болно. Монголд хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд ажиглагдахгүй. Зураг 2-т NASA-с тооцоолон гаргасан хиртэлтийн параметрүүд, гол зурвасын дайрч өнгөрөх замыг харуулав.