Зураг 1. 2008-08-01-нд болсон Нарны бүтэн хиртэлтийн үед манай судлаачдын авсан сонирхолтой зургийг “Алмазын шигтгээт бөгж” гэж нэрлэдэг бөгөөд Нарны анхны цацраг Сарны уул нурууны завсраар гарч ирж байгаа үзэгдэл
Сарны хавтгай Нарыг халхалж конус хэлбэрийн сүүдэр Дэлхийн гадаргуутай огтлолцсоноос Нарны хиртэлт үүсдэг. Өөрөөр хэлбэл Нар, Сар, Дэлхий гурав дурдсан дарааллаар нэг шугам дээр байрлахад энэхүү одон орны сонирхолтой үзэгдэл тохионо. Энэхүү хиртэлт Улаанбаатарын цагаар 23:42:07 цагт эхлээд дараа өдрийн 04:52:13 цагт дуусна. Хиртэлтийн гол зурвас Мексик, Канад, Америкийн Нэгдсэн Улсыг дайран өнгөрнө. Бүтэн фазын хамгийн их үргэлжлэх хугацаа 4 минут 28 секунд. 1979 оны 02-р сарын 26-наас хойш Канад улсад харагдах анхны Нарны бүтэн хиртэлт, 1991 оны 07-р сарын 11-нээс хойш Мексикт анх удаа, 2017 оны 08-р сарын 21-нээс хойш АНУ-д анх удаа харагдах Нарны бүтэн хиртэлт болж байгаагаараа сонирхолтойд тооцоогдох үзэгдэл юм. Харин Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатуудыг Хойд Америк, Баруун Европ болон Төв Америкийн зарим хэсэгт ажиглагдах болно.
Монголд хиртэлтийн хэсэгчилсэн ч үе шатууд ажиглагдахгүй. Манай оронд хамгийн сүүлд 2008 оны 08-р сарын 01-нд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр Нарны бүтэн хиртэлт болсон. Харин манай оронд ажиглагдах дараагийн Нарны бүтэн хиртэлт 2063 оны 08-р сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрнө.
Энэ оны дараагийн Нарны хиртэлт цагирган хэлбэрийнх бөгөөд 2024 оны 10-р сарын 02-нд тохионо. Нар, Сар болон Дэлхий хоорондын зай, байрлалаас хамааран Нарны хиртэлтийг бүтэн хиртэлт, цагирган хэлбэрийн, хагас хиртэлт гэж ангилдаг.
Нар хиртэлт нь дэлхий дээр амьдарч буй хүмүүст ч ул мөр үлдээхгүй өнгөрдөггүй. Амьтад тайван бусаар гүйлдэж эхэлдэг ба шувууд хүртэл чимээгүй болж, үүрэндээ суурьшдаг. Хүмүүс ч энэ одон орны үзэгдэлд хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хиртэлт нь сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг судлан тогтоожээ. Энэ үед сэтгэлийн түгшүүр нэмэгдэж тайван бус болдог байна. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчтэй хүмүүс стресст орж болзошгүй.
Энэхүү одон орны сонирхолтой үзэгдлийн үед хамгийн гол баримтлах дүрэм, журам бол энгийн нүдээр ямар ч тохиолдолд хиртлийг харж болохгүй. Энгийн нарны шил зүүгээд ч харахгүй байхыг хүсье. Таны нүдийг гэмтээх аюултай тул зориулалтын нарны шүүлтүүр ашиглаарай, байхгүй бол гагнуурын маск ч байж болно.
Эх сурвалж: https://www.timeanddate.com/eclipse/solar/2024-april-8
Зураг 2. Нарны бүтэн хиртэлтийн зам, тоон үзүүлэлтүүд болон Дэлхийн хаана ажиглагдахыг харуулсан НАСА-ийн зураг. Эх сурвалж:https://eclipse.gsfc.nasa.gov/