ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон Францын Францын Атомын энергийн комиссариатын харъяа Хүрээлэн буй Орчны Хяналтын Департментын хамтын ажиллагааны 30 жилийн ойг тохиолдуулан Францын Бруйэр-лө-Шатэл хотод 10 дугаар сарын 2-ны өдөр ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг нээж Францын талаас Атомын энергийн комиссариатын захирал ноён Жан-Филипп Вэржэ, тус комиссариатын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал хариуцсан захирал ноён Брюно Лөбрэ, Хүрээлэн Орчны Хяналтын Департментын захирал ноён Тогнелли Антуан , Монголын талаас ШУА-ийн ООГХ-ийн захирал Академич С.Дэмбэрэл, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү нар үг хэлэв.
Манай хоер байгуулагын хамтын ажиллагаа 1994 оны 3 дугаар сард Франц улсын Цөмийн Энергийн Комиссириантын харьяа Байгаль Орчны Хяналтын Департментын мэргэжилтэн Антонн Шлуф, Бернард Массинон нар Улаанбаатар хотод ирж газар хөдлөлтийн талаар хамтран судалгаа хийх, шинээр орчин үеийн тоон бичлэгтэй станц суурилуулах талаар хэлэлцээр хийснээр эхэлсэн түүхтэй.
Хамтын ажиллагааны хүрээнд 2000 оноос эхлэн Олон улсын цөмийн тэсэлгээг хянах гэрээний байгууллагын газар хөдлөлтийг бүртгэх SONM (PS25) бичил сүлжээ станц, нэл авианы IS34MN, агаар дахь цацрагийн хэмжээг бүртгэх MNP45 , агаар дахь Ксенон хийн хэмжээг тодорхойлогч MNX45 зэрэг станцуудын хамтран ажиллуулж байна.
Дээрх 30 жилийн хугацаанд Байгал-Монголын бүс нутгын гүний тогтоц, Улаанбаатар орчмын идэвхтэй хагарал, Баруун монголын идэвхтэй хагарлууд, Газар хөдлөлтийн аюулын үнэлгээ, Монгол орны геодинамикийн судалгаа гэх мэт 20 гаруй шинжлэх ухааны хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж манай 6 судлаач Франц улсын их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан байна.
Энэхүү арга хэмжээний үеэр үе үеийн инженер техникийн ажилтнууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн судлаачид, эрдэмтэн докторууд амжилт бүтээлээ эргэн дурсан цаашид хийх ажлуудаа ярилцаж өнгөрөөлөө.
Мөн ойн арга хэмжээний дараа өдөр /10 дугаар сарын 3-ны өдөр/ Элчин сайд У.Нямхүү Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг ЭСЯ-ндаа хүлээн авч, тэдний үйл ажиллагаа, шинжилгээ, судалгаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар ярилцаж, тэдний гадаад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахдаа бэлэн буйгаа илэрхийлэв.