Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ШУА-ийн ООГХ-ийн үйл ажиллагаатай танилцав.
Ноён Роберт Флойд (зураг) хүрээлэнгийн судлаачид, албаны хүмүүст хандаж хэлсэн үгэндээ дэлхий дахины энх тайван аюулгүй байдалд Монгол улсын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол дахь ЦТБХГБ-ын харьяа олон улсын хяналтын станцуудын хэвийн үйл ажиллагааг (Франц Улсын Цөмийн энергийн Комиссират (ЦЭК)-ын харьяа Орчны Хяналт Шинжилгээний Департамент (ОХШД)--тай хамтран) тасралтгүй ханган, мэдээлэл бүрдүүлэлтийг 98-аас дээш хувьтай бүрдүүлэн ажиллаж байгааг сайшаан тэмдэглэсэн. Мөн Газар хөдлөл судлалын Үндэсний Мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцав.
Ноён Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотоос 50 км орчим байрлах Таван толгойн цэргийн сургалтын ангийн ойролцоо байрладаг ЦТБХГБ-ын станцууд болох газар чичирхийллийг бүртгэх бичил сүлжээ станц PS25, нил авианы станц IS34, радионуклидын станц RN45 болон агаар дахь цацраг идэвхт бодисын өөрчлөлтийг хэмжих SPАLAX -ын станцуудын үйл ажиллагаатай танилцав. Тэрээр Монгол оронд байгуулагдсан эдгээр станцуудын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй ханган ажиллаж буй хүрээлэнгийн ажилтнуудад хандан “цаг уурын эрс тэс уур амьсгалтай Монгол оронд байгуулагдсан эдгээр станцуудын мэдээлэл бүрдүүлэлтийг 98-аас дээш хувьтай ажиллуулж, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад талархал илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Зураг. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ноён Роберт Флойд ШУА-ийн ООГХ-д ажиллав.