Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа 16 хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт 2024 оны 12-р сарын 15-наас зарлагдсан. Үүний дагуу Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлын сонгуульд нэр дэвшсэн доктор Чимэдийн Одонбаатарын мөрийн хөтөлбөртэй танилцах, нууц санал хураалт явуулах арга хэмжээ 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Астропаркийн хурлын зааланд болов. Энэхүү эрдмийн хамт олны нууц санал хураалтад оролцсон нийт 159 ажилчдаас 98,7 хувийн саналаар доктор Ч.Одонбаатар хамт олныхоо итгэлийг хүлээн захирлаар сонгогдох нэг шалгуурыг давлаа. Үүний дараагаар төрийн албаны шалгалт зэргийг үндэслэн ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл доктор Ч.Одонбаатарыг Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирлын албан тушаалд томилох тушаал гаргаж, уг тушаалыг ШУА-ийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, доктор Т.Алтансувд гардуулж баяр хүргэлээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хамт олны зүгээс захирлаар томилогдсон доктор Ч.Одонбаатарт баяр хүргэж, цаашдын эрдмийн үйлс нь арвин байж, ажил үйлс нь амжилт бүтээлээр бялхаж, оюуны мэлмий тань гэгээн тунгалаг байхыг хүсэн ерөөе!
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хамт олон