Дэлхий орчмын судалгааны төслүүдийн хүрээнд Дэлхийд аюул учруулж болохуйц тэнгэрийн эрхсийн тойрог замын тооцооллыг олон орны эрдэмтэн судлаачид хийж байгаа билээ. 2024 оны 12-р сарын 27-нд Чилийн Рио Уртадо дахь Эль-Соус одон орны оргилын ажиглалтын ATLAS системийн дурангаар 2024YR4 бага гаригийг нээсэн. ATLAS систем нь 2015 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд 0.5 метрийн дөрвөн (өөр өөр газарт байрладаг) дурангаар ажиглалт хийдэг. 2024 оны 12-р сарын 25-нд тухайн бага гариг Дэлхийгээс 830000 км-ийн зайд өнгөрчээ. Нээсний дараахан НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн JPL/CNEOS Sentry Дэлхий орчмын биетүүдийг судлах төвийнхөн тухайн бага гариг 2032 оны 12-р сарын 22-нд Дэлхийтэй маш ойрхон өнгөрөх магадлалыг тогтоосон байна. Энэхүү бага гаригийн диаметр 54 метр. Энэ тооцооллыг бага гаригийн гэрэлтэлт дээр үндэслэн ойролцоогоор тооцоолсон.

2025 оны 02-р сарын 10-ны байдлаар 2024YR4 бага гариг Дэлхийгээс 64.776 сая км, Нарнаас 208.689 сая км зайнд байрлах дүрслэл
Одоогийн байдлаар 2024 YR4 бол нэг хувиас илүү нөлөө үзүүлэх магадлалтай цорын ганц мэдэгдэж байгаа объект юм. Эрдэмтэд 2032 онд Дэлхийтэй мөргөлдөх магадлалыг Торино хэмжүүрээр 10-аас 3-аар тооцож, түүнийг аюултай гэж зарласан. 2025 оны 2-р сарын 10-ны байдлаар 2024 YR4 бага гариг Дэлхийтэй мөргөлдөх магадлал 2.1% болон өссөн. Бага гаригийг 2025 оны 4-р сарын эхэн хүртэл, мөн 2028 оны 6-р сараас эхлэн Дэлхийн ойр орчимд буцаж ирэх хүртэл ажиглаж, шинэчлэн мэдээлэл тооцооллыг нарийн болгоно. Одоогоор тооцоологдсон тойрог замын хугацаа нь ойролцоогоор 4.05 жил байна. Хэрвээ Дэлхийд аюул учруулах болвол Дэлхийн агаар мандалд 17.32 км/с хурдтай орж ирэх ба цохилтын улмаас үүсэх гадаргуугийн талбайн радиус нь 50 км-ийн газарт нөлөөлж болзошгүй. Өөрөөр хэлбэл Номхон далайн зүүн хэсэг, Өмнөд Америкийн хойд хэсэг, Атлантын далай, Африк, Арабын тэнгис, Өмнөд Азийн хүрээнд хамаарагдана. Эндээс харахад бага гариг далайд унах магадлалтай байна. Энэ тохиолдолд хүмүүст ноцтой үр дагавар гарахгүй. Гэсэн хэдий ч далайн эрэгт ойртвол далайн эрэг орчмын бүс нутгийг хамарсан цунами үүсгэж болзошгүй юм.
Мөргөлдөөн үүсэхээс хамгаалах хамгийн боловсронгуй хувилбар бол бага гаригтай мөргөлдөж, түүний тойрог замыг өөрчлөх төхөөрөмж илгээх явдал юм. Мөн таталцлын болон лазерын цацрагийн тусламжтайгаар нөлөөлөх аргууд ч байж болно.