Тус хүрээлэнгийн Цахилгаан соронзон судлалын лабораторийн судлаачид Уламжлалт газрын тосны хайгуульд Магнетотеллурикийн (МТ) судалгааны ажлын Монгол оронд анх удаагаа хийж гүйцэтгэсэн. Газрын тосны хайгуулд сейсмик хайгуулын аргыг өргөн хэрэглэдэг хэдий ч тухайн судалгааны талбайн дээд давхаргыг бүрдүүлж буй буюу хучаас чулуулгийн нягт өндөр, вулканик чулуулагтай тохиолдолд уг аргыг ашиглахад хүндрэл учирдаг. Харин МТ арга нь газрын тосны хайгуулд өргөн хэрэглэгдэх болсон. Учир нь уг аргын нэвтрэх гүн, түүгээр тодорхойлогдох цахилгаан дамжуулах чадвар нь нүүрсустөрөгчийн резерварын түлхүүр параметрүүд болох нүх сүв, нэвчих чадвар зэргийг тодорхойлох боломж олгодог.
Судлаачид Газрын тосны эрлийн 21-2 дугаартай Хэнсүл констракшн ХХК -н талбайд 3-D МТ судалгааны ажил хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын мэдээлэл боловсруулалт загварчлалыг орчин үеийн дэвшилтэт загварчлалын код GoFEM ашиглан тодорхойлон өндөр нарийвчлалтай цахилгаан дамжуулах чадварын загвар гарган авсан. Судалгааны ажлын үр дүнд магнетотеллурикийн арга нь эрлийн шатанд талбайн хэмжээнд гүний тогтцын судалгааг хялбар, өртөг багатайгаар гүйцэтгэх бүрэн боломжтойг үзүүлсэн. Арга зүйн хувьд МТ-н газрын тосны аль ч талбайн хувьд ашиглах боломжтой бөгөөд вулканик, интрүзив хурдас хучаасаар хучигдсан талбайн хувьд сейсмик арга зүйгээс илүү үр дүн үзүүлдэг болохыг дэлхийн хэмжээнд хийсэн судалгаанууд нотлон харуулсан байсан. 21/02 дугаарт эрлийн гэрээт талбайн хувьд өндөр хурдны сейсмик үе давхарга болох вулканик чулуулаг мөн шаварлаг хурдасаас голлон тогтсон тул энд МТ арга зүй ашиглах нь тохиромжтой шийдэл байсан гэж үзсэн.
МТ загварчлалын аргуудаас газрын тос нүүрсустөрөгчийн хайгуулын судалгаанд 3-D аргыг ашиглах нь хамгийн тохиромтжтой гэж үзсэн байдаг. Учир нь судалгааны талбайн комплекс материалуудын шинж чанарыг илүү нарийн тодорхойлох боломж олгодог. Бид хайгуулын ажилд 3-D МТ судалгааг хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг өндөр түвшний тооцон бодох компьютер алгоритмын тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн нь судалгааны ажлын чанар өндөр болсон.
3-D МТ загварчлалаар гарган авсан цахилгаан эсэргүүцлийн загвар нь судалгааны талбай ба түүнтэй хиллэн орших газрын тосны хайгуулын талбайн үнэтэй мэдээллүүд болох газрын тосны хураагуур, үүсгүүр чулууллагийн талаарх мэдээллүүдийг агуулж байсан. Уг мэдээлэлийг геологийн зураглал үр дүн, хүрээлэн буй газрын тосны талбайн ерөнхий шинж зүй тогтлуудтай нэгтгэн дүгнэлт хийж бид Тос-1, Тос-2, Тос-3 зэрэг 20х20км2 талбай бүхий 3 хэтийн төлөв бүхий талбайг ялган авсан. Эдгээр талбайн хайгуулын хөтөлбөрт цаашид нарийвчилсан МТ ба чичирхийллийн хайгуулын ажлууд хийх нь газрын тосны ордыг илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж дүгнэж байна.