- Өмнөд дельта Акварид (Хумх) солирын урсгал (SDA)
Жил бүрийн 7-р сарын 18-с 8-р сарын 12-ны хооронд ажиглагддаг солирын урсгал бол Өмнөд дельта Акварид солирын урсгал юм. Урсгалын хурд нь 40 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 2025 оны 7-р сарын 29-30-нд тохино. 1 цагт ойролцоогоор 20-25 солир ажиглагддана. Харьцангуй бага гэрэлтэй, жигд хөдөлгөөнтэй солирууд бөгөөд Хумхын одны ордны орчимд, тэнгэрийн өмнөд хэсэгт харагдана.
Солирын урсгалын цацрах цэг нь Акварид-Хумхын одны орд юм.

2. Aльфа Capricornid (Матар) солирын урсгал (CAP)
Жил бүрийн 7-р сарын 12-с 8-р сарын 12-ны хооронд ажиглагддаг солирын урсгал бол Альфа Каприкорнид-Матарын солирын урсгал юм. Урсгалын хурд нь 22 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 2025 оны 7-р сарын 29-30-нд тохино. 1 цагт ойролцоогоор 5 солир ажиглагддана. Энэ солирын урсгалыг 1871 онд Унгарын одон оронч Miklos von Konkoly-Thege нээсэн бөгөөд 169P/NEAT сүүлт одноос үүдэлтэй. Эдгээр солирууд нь тод гэрэлтэй, том байдгаараа онцлогтой.
Солирын урсгалын цацрах цэг нь Матарын одны орд юм.
3. Персеид (Тэнгэрийн онгоц) солирын урсгал (PER)
Жил бүрийн 7-р сарын 17-с 8-р сарын 23-ны хооронд ажиглагддаг солирын урсгал бол Персеид солирын урсгал юм. Урсгалын хурд нь 59 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 8-р сарын 12-14-нд тохиодог. Энэ үед бараг бүтэн сар гарах тул хамгийн тод нь харагдах боломжтой. 1 цагт ойролцоогоор 50-75 солир ажиглагддана. Харин идэвхтэй үедээ цагт 100-200 солир ажиглах боломжтой. Энэхүү солирын урсгалыг 1834 онд нээсэн бөгөөд Дэлхийн тойрог замаар 109P/Свифт-Таттл сүүлт од дайран өнгөрөхөд үүссэн. Эдгээр бөөмсүүд нь дэлхийн агаар мандалд 150 мянган км/ц-с их хурдтайгаар нэвтэрч, тэндээ шатдаг. Солирын урсгал нь Свифт-Таттлын сүүлт одны сүүлийн нэгээхэн хэсгийг өөртөө дагуулж явдаг бөгөөд энэ сүүлт од нь 135 жилд 1 удаа л манай гаригт ойртож ирдэг. Хамгийн сүүлд 1992 оны 12-р сард ойртож ирсэн. Дараагийн ойртолт нь 2126 он.
Солирын урсгалын цацрах цэг нь Тэнгэрийн онгоцны одны орд.

4. Орионид (Марал) солирын урсгал (ORI)
Жил бүрийн 10-р сарын 2-с 11-р сарын 12-ны хооронд ажиглагддаг солирын урсгал бол Орионид-Маралын солирын урсгал юм. Урсгалын хурд нь 66км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 10-р сарын 22-23-нд тохиодог. Ердийн жилд Орионидууд хамгийн ихдээ 1 цагт 10-20 солир ажиглагдана. Харин 2006-2009 онуудад Персеидын солирын урсгалтай ижил цагт 50-75 солир ажиглагдаж байсан. Энэхүү солирын урсгалыг 1869 онд нээсэн бөгөөд 1Р/Галлейн сүүлт одны тоосонцороос үүссэн. 2025 оны хувьд хавирган сар үүр цайхын ойролцоо мандаж байгаа ч солирын урсгалд огт нөлөөлөхгүй.
Солирын урсгалын цацрах цэг нь Маралын одны орд.

5. Өмнөд Таурид (Үхэр) солирын урсгал (STA)
Жил бүрийн 10-р сарын 13-аас 11-р сарын 27-ны хооронд ажиглагддаг солирын урсгал бол Өмнөд Таурид-Үхрийн солирын урсгал юм. Урсгалын хурд нь 28.5 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 2025 оны 11-р сарын 3-4-нд тохионо. Энэ үед ойролцоогоор 1 цагт 5 солир ажиглагдана. Гэхдээ бусад салирын урсгалуудыг бодвол удаан үргэлжилдэг, хурд багатай, том удаан шатдаг солируудтай. Энэхүү солирын урсгалыг 1869 онд нээсэн бөгөөд 2P/Encke сүүлт одны тоосонцороос үүссэн.
Солирын урсгалын цацрах цэг нь Үхрийн одны орд.
6. Хойд Таурид (Үхэр) солирын урсгал (NTA)
Жил бүрийн 10-р сарын 13-аас 12-р сарын 01 хүртэл ажиглагддаг солирын урсгал бол Хойд Таурид-Үхрийн солирын урсгал юм. Урсгалын хурд нь 28.3 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 2025 оны 11-р сарын 8-9-нд тохионо. Энэ үед ойролцоогоор 1 цагт 5 солир ажиглагдана. Гэхдээ бусад салирын урсгалуудыг бодвол удаан үргэлжилдэг, хурд багатай, том удаан шатдаг солируудтай.
Солирын урсгалын цацрах цэг нь Үхрийн одны орд.
7. Леонид (Арслан) солирын урсгал (LEO)
Жил бүрийн 11-р сарын 3-с 12-р сарын 2 хүртэл ажиглагддаг солирын урсгал бол Леонид-Арслангийн солирын урсгал юм. Урсгалын хурд нь 69.7 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь 2025 оны 11-р сарын 16-17-нд тохионо. Энэ үед ойролцоогоор 1 цагт 15 солир ажиглагдана. Энэхүү солирын урсгалыг 1832 онд нээсэн бөгөөд 55Р/Темпел-Таттл сүүлт одоос үүссэн. Энэхүү сүүлт од 33 жилийн давтамжтай бөгөөд 2031 онд ойртон ирнэ. 1833, 1866, 1966, 1999, 2001, 2002 онуудад солирын шуурга үүсгэснээрээ алдартай. Жишээлбэл 1966 онд хэдэн мянган солир ажиглагдсан түүхтэй. Солирын идэвхжил нь үндсэн объект болох 55Р/Темпел-Таттл сүүлт од Нарны ойролцоо байх үед хамгийн сайн харагддаг. Тиймээс 2031, 2064 онд сүүлт од буцаж ирэхэд солирын шуурга биш, харин хурд нь цагт 100-аас дээш байвал Леонидын солирын урсгал сайн харагдана.
Солирын урсгалын цацрах цэг нь Леонид-Арслангийн одны орд.

8. Геминид (Ихэр) солирын урсгал - GEM
ХIХ-р зууны төгсгөлд одон орон судлаачид Геминидийг нээсэн. Анх нээгдсэн үеэсээ цагт унах солирын урсгалын тоо ихээхэн өсч одоогоор хамгийн хүчтэй солирын урсгалын нэг болсон. Энэхүү солирын урсгал нь 12-р сарын 1-с 12-р сарын 21-ны хооронд ажиглагддаг. Энэ жилийн оргил үе нь 12-р сарын 13-ны шөнөөс 12-р сарын 14-ний өглөө хүртэл. Урсгалын хурд нь 33.8 км/с. Цагт 150 хүртэлх солирыг ажиглаж болно. Заримдаа түүнийг солирын борооны хаан ч гэж нэрлэдэг бөгөөд хамгийн ихдээ цагт 200 хүртэл солир ажиглагдаж байсан. Энэ урсгалыг бусад солирын урсгал шиг сүүлт од үүсгээгүй, харин бага гариг (3200) Фаэтон-Phaethon эх үүсгүүр нь юм. Түүнд сүүлт од шиг тоос шорооноос тогтсон үүл ч байхгүй, сүүл ч байхгүй, тоос ч байхгүй. Одон орон судлаачид энэ объектыг хэт улаан туяаны сансрын дуран ашиглан илрүүлсэн. Фаэтон нь хэт сунасан тойрог замтай тул Нарыг тойрон эргэхдээ Буд, Сугар, Ангараг, Бархасбадь гаригуудын тойрог замтай огтолцдог. Түүнээс гадна бусад бага гаригуудаас Нартай ойрхон өнгөрдөг.
Солирын урсгал цацрах цэг нь Ихрийн одны орд.
9. Урсид (Бага Баавгай) солирын урсгал - URS
Жил бүрийн 12-р сарын 16-с 12-р сарын 26-ны хооронд ажиглагддаг солирын урсгал бол Урсид солирын урсгал юм. Урсгалын хурд нь 33.1 км/с. Энэхүү солирын урсгалын оргил үе нь өвлийн туйлын өдөр буюу 12-р сарын 21-22-нд тохиодог. Энэ үед бараг бүтэн сар гарах тул хамгийн тод нь харагдах боломжтой. 1 цагт ойролцоогоор 5-10 солир ажиглагддаг боловч 1973 онд 30 хүртэл, 1986 онд зуун солир ажиглагдаж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Дэлхийн агаар мандалд хэдхэн солир үзэгдэхээс гадна нэгэн зэрэг олон солир харагдах боломжтой юм. Эх үүсгүүр нь Таттл (8P/Tuttle) сүүлт од. Энэ нь Бархасбадь гаригийн бүлэгт хамаарагдах богино үет сүүлт од бөгөөд 1790 оны 1-р сарын 9-нд Францын одон орон судлаач Пьер Мешен нээсэн. Сүүлт од нь Нарыг тойрон эргэдэг бөгөөд 2021 оны наймдугаар сард Наранд хамгийн ойрхон ойртсон.
Солирын урсгалын цацрах цэг нь Бага баавгай-Алтан мөнгөн шаргал одны орд юм.
Эдгээр сонирхолтой үзэгдлийг шөнийн тэнгэрт ажиглахыг хүсвэл хотын гэрэлтүүлгээс холхон солирын урсгалын цацрах цэгүүд болох одны орд руу харахад л болно.
Эх сурвалж: Meteor Shower Calendar | IMO