ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хамт олон “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, ололт амжилтыг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг ЕБС-ийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа болон Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан гэсэн 2 үндсэн хэсэгтэй зохион байгуулсан.
ЕБС-ийн сурагчдад зориулсан үйл ажиллагаа-нд ШУТИС-ийн лицей ахлах сургуулийн Энхбаяр багштай 10Б ангийн сурагчид оролцсон бөгөөд тэдэнд зориулж “Геофизикийн шинжлэх ухаан бидний амьдралд” сэдэвт танилцуулгыг хийж сурагчдын сонирхсон асуултад хариулав, Мөн Хүрээлэнгийн Астропарк музей болон Планетариум үзвэрийг үзэхийн зэрэгцээ, Хүрээлэнгийн судлаачдын гаргасан ном хэвлэл, үзүүлэн зэрэгтэй танилцсан.



Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан үйл ажиллагаанд МУИС болон ШУТИС-ийн геологи, геофизикийн чиглэлээр суралцаж буй оюутан, судлаачид, мөн Үндэсний техникийн их сургуулийн оюутнууд, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид хүрэлцэн ирж, Хүрээлэнгийн салбаруудын үйл ажиллагаа, судалгааны үндсэн чиглэлүүдтэй танилцлаа. Энэ үеэр Хүрээлэнгийн судлаачид хүрээлэнд хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын талаар товч илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулан, мэргэжлийн чиглэлээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Хүрээлэнгийн Нээлтэй хаалганы өдөрлөгийг нээж ШУА-ийн ООГХ-ийн захирал, доктор, дэд профессор Ч.Одонбаатар, Сансар судлалын төвийн дарга, сансрын нисгэгч, хошууч генерал, доктор Ж.Гүррагчаа нар үг хэлэв.

Энэ үеэр Хүрээлэнгийн судлаачид одон орон, сансар судлал, газар хөдлөл судлал, геомагнетизм, геологи, геофизикийн чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны ажлууд, тэдгээрийн шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, практик хэрэглээний талаар товч илтгэлүүд танилцууллаа. Мөн судалгаанд ашиглаж буй багаж, тоног төхөөрөмж, хэмжилт, ажиглалтын арга зүй, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх үйл явцын талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулан, чөлөөт ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ Газар хөдлөл судлалын Үндэсний мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцав.


Нээлттэй хаалганы өдөрлөг нь их, дээд сургуулийн оюутан, залуу судлаачдад шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаа, судалгааны үндсэн чиглэл, арга зүй, орчин үеийн техник, технологийн хэрэглээтэй бодитоор танилцах, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цаашдын мэргэжил, судалгааны чиглэлээ тодорхойлоход дэмжлэг үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Түүнчлэн их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судлаачид, оюутан залуусын харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж, шинжлэх ухааны салбарт ажиллах сонирхол, хандлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан болно.